Өнөөдөр ЦХХХ-ны сайд Н.Учрал киоск машинд автотээврийн хэрэгслийн нэр шилжүүлэх үйлчилгээ нэвтрүүлсэн талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр, "Тээврийн хэрэгслийн нэр шилжүүлэх, гэрчилгээг солих, үрэгдүүлсэн тохиолдолд дахин авах зэрэг нь хамгийн их ачаалалтай топ 10 төрийн үйлчилгээний нэг.
Бид энэ сарын 15-наас автотээврийн хэрэгслийн гэрчилгээг И-Монгол платформд оруулсан. Зам тээврийн яам, АТҮТ-ийн хамтын ажиллагааны үр дүнд ЦХХХЯ болон И-Монгол үндэсний дата төв хамтраад өнөөдөр энэхүү үйлчилгээг цахимжууллаа.
Төр өөрт байгаа мэдээллийг иргэнээсээ нэхэхгүй байх үндсэн зарчмын тухай нийтийн мэдээллийн ил тод байдлын хуульд заасан байдаг.
125 байршилд төрийн үйлчилгээний хурдан цэг бий. Тэнд очоод л тээврийн хэрэгслийнхээ гэрчилгээг шилжүүлэх нөхцөл бүрдэж байна.
Мөн Үндэсний дата төв дээр олон жил хэрэглэгдэж байгаа ТҮЦ машинуудыг 10 гаруй байршилд шинэчлэн байршууллаа.
Хувийн хэвшлүүд өөрсдөө киоск нэвтрүүлэн ажилладаг. Үүнтэй гэрээ хийгээд сервесийг нийлүүлж болно. Ингэснээр төрийн үйлчилгээ хаана ч ойрхон болох нөхцөл бүрдэж байна. Хувийн хэвшлүүд гэрчилгээ цахимжуулахад хамтран ажиллая гэвэл нээлттэй. Төрийн үйлчилгээний ачааллыг бууруулъя.
Түүнчлэн тоон гарын үсгийн хэрэглээ 800 мянга гарсан. Тоон гарын үсэг ашигласнаар цахим гэрээ хэлэлцээр хийх боломжтой болж байгаа юм.
Өнөөдөр автотээврийн хэрэгслийн эзэмшигчийн нэр шилжүүлэх ажлыг ТҮЦ машинаар хийж байгаагаараа бид анх удаа цахим гэрээг хийж үзүүлж байна гэсэн үг. Энэ нь тоон гарын үсгийг бүрэн нэвтрүүлэх том хөшүүргэ болно.
Мөн бизнесийн зөвшөөрлийг цахимжуулснаас хойш 600 компанийг байгуулсан, 2 сая гаруй хандалттай байна. Иргэд зөвшөөрлөө цахимаар авах эрэлт хэрэгцээ байгаа учраас эхний ээлжинд үүнийг хийж байна.
Төрийн байгууллагууд хандлагаа өөрчлөх хэрэгтэй. Өөрийн биеэр ирснийг нь түрүүлж, цахимаар ирсэн хүсэлтийг хожуу шийддэг байгаад байвал хэн ч цахимаар үйлчилгээ авахгүй.
Гадаад пасспорт дээр гарсан гомдол энэ шүү дээ. Иймд цахимаар гэрээ хэлэлцээ хийх шаардлага үүсэж байгаа. Үүний ганц шийдэл бол тоон гарын үсэг. Хэрэглээг нь дэмжих шаардлагатай байна. Ингэж байж түгжрэлийг бууруулахад хувь нэмэр оруулна. Энэ бол технологийн шийдэл юм" гэлээ.
М.Жаргал