Аваргаа хамгаалан тоглосон АНУ-ын шигшээ баг энэ ням гарагт шигшээ тоглолтод Канадын багийг 2:0-ээр буулган авснаар Конкакаф үндэстнүүдийн лигийн хөл бөмбөгийн аварга боллоо.
Америкчууд хагас шигшээд Мексикийг 3:0-ээр хожиж, нөгөө талд Канадчууд Панамыг мөн адил 2:0-ээр ардаа орхиод байв. Брайан Каллагэн тэргүүтэй АНУ-ын ялалтыг эхний хагаст Крис Ричардсын 12 дахь минутад толгойн гоол, 36 дахь минутад Фоларин Балогуны гоолоор илүүрхэв. Хоёрдугаар хагаст хоёр баг гоол оруулалгүй байсаар дууссан.
Невада мужийн Лас Вегас хотын "Аллегиант" цэнгэлдэх хүрээлэнд болсон энэ удаагийн Конкакаф үндэстнүүдийн лигийн гуравдугаар байрын төлөөх тоглолтод Аргентин дасгалжуулагч Диего Кокка тэргүүтэй Мексикийн баг Панамын багийг 1:0-ээр буулган авснаар шагналын тавцанд гарчээ. Мексикийн багаас туршлагатай тоглогч Жесус Галлардо гоолдсон юм.
АНУ ирэх бямба гарагт АНУ-д эхлэх Алтан цомын төлөөр тэмцээнд Ямайкийн эсрэг анхны тоглолтоо хийнэ.
Л.Сайнаа