Засгийн газрын ирэх долоо хоногийн хуралдаанаар Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагын асуудлыг хөндөх нь. Допингийн эсрэг байгууллага нь Засгийн газраас баталсан Допингийн эсрэг Үндэсний журмын хүрээнд ажиллаж байгаа юу, Монгол Улс олимпын наадамд Цагаан хуудсаар орох уу зэрэг асуудал яригдаж магадгүй байна. Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага дүрэмд зааснаар хяналтын хөтөлбөр хэрэгжүүлэх зорилгоор төрийн бус байгууллага үүсгэн байгуулж, эрх үүргийг нь шилжүүлснээр албан ёсны гэх тодотголтойгоор үйл ажиллагаагаа явуулж байгаа гэх.
Гэвч энэ байгууллага нь төрөөс санхүүжилт авдаг хэрнээ үйл ажиллагаа болон санхүүгийн тайлангаа тайлагнадаггүй зэрэг дутагдал байна. Уг нь төрөөс хагас тэрбум орчим төгрөгийн санхүүжилт авдаг, гэхдээ тайлангаа өгдөггүй нь хачирхалтай гэхээс аргагүй. Тэр байтугай салбар хариуцсан сайдаа үл тоомсорлон мэдээлэл өгдөггүй, уулзахаас татгалзаж байгаа нь сонин.
Уг нь Допингийн эсрэг үндэсний зөвлөлийг Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ ахалж байгаа юм. Тус байгууллагыг Ардын эмч Ж.Хатанбаатар гэх хүн 2007 оноос өнөөг хүртэл тасралтгүй удирдаж байгаа билээ.
А.Сүх