Нам, намын босго элээсэн “Босоо” С.Ганбаатар 2012 оноос хойш нэг л удаа “хэвтсэн” нь 2017 он. Тэр үнэн хэрэгтээ Монголын улстөрийн ганц “Гүйдэл” юм. Үүнийг он оны сонгуулийн зургууд, цуу яриа, босоогоос дэлгэсэн баримт сэлт нь гэрчилнэ.
Улстөрчидтэй гараа атгалцаж, хөлөө жийлцэж чаддаг түүний авьяасыг Ерөнхийлөгч асан Н.Энхбаяраас эхлээд ХҮН-ын Т.Доржханд хүртэл үзсэн нь нууц биш. Сануулахад, тэрбээр 2016 онд Хөдөлмөрийн үндэсний намд элсэж, гишүүн болох санаа өвөрлөн замаа засаж гүйсэн боловч салхины чиг нэгэнт өөрчлөгдсөн билээ. Гэнэт хөдөлмөрөөс эх орон руу шилжиж, хөлд нь хий орсон улстөрчийг Дархан-Уулынхан дагзаар нь савсан юм.
С.Ганбаатар олноос онцгойрон Н.Энхбаярын хөлстэй гараас атгав. Хөлстэй гэхийн учир нь Н.Энхбаяр өндөр төрийн сэнтийгээс буугаад шоронгийн зүг ачигдсан түүхтэйгээр, мөнхийн дагуул болох “авилгын загалмайлсан эцэг” нэртэйгээ Ерөнхийлөгчийн сонгууль руу зүтгүүлэн орж байсных.
Ингэхдээ С.Ганбаатарт баатрын хуяг өмсгөөд, харин өөрөө сэлмийг нь бариад явж өгсөн дөө. Тэгэхэд тэд хамтдаа бүдэрсэн. Гэвч гар гараа атгалцсан хэвээр л байлаа.
Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд МАХН-аас нэр дэвших хамгийн өндөр магадлалтай хүнээр тооцогдсон нь бас л “Тэр”. Гэвч улс төрийн тавиулууд Х.Баттулгатай хамжилцах хүсэлтэй хүүгийн бодлыг ноёнд нь шивнэчихсэн юм билээ. Тэгэхэд Ерөнхийлөгчийн сонгуульд Х.Баттулга, М.Энхболд, С.Ганбаатар гурав нэр дэвшиж байв.
Начир дээрээ Энхбаярыг Ганбаатар “гомдоогоогүй” хэмээн харж болохуйц логик энд бий. Үүний дараа МАН, МАХН хоёр өврөө хуваалцах нь тодорхой болж, босоо Ганбаа “Урвагч” гэх шинэхэн хочоо зүүгээд Хувьсгалт намын гишүүнчлэлээс татгалзсан юм.
Харин өнөөдөр буюу 2024 онд болж буй үйл явдлаас харвал Ерөнхийлөгч болох Х.Баттулгын замын чулууг тэр үед “Ганбаа л түүсэн” юм шиг.
С.Ганбаатар Ардчилсан намын хаяагаар орж ирэв. 2020 оны УИХ-ын сонгуульд АН чөлөөт нислэг үйлдэх шиг л ялагдсан билээ. Хамтрагчаа багалзуурдсан эсвэл хамтрагчаараа багалзуурдуулсан нь үл мэдэгдэх гишүүн цөөхөн суудалтай сөрөг хүчинд элссэн нь бас л ТЭР. Ингээд парламентад “Та бидний эвсэл”-ийг төлөөлөн суусан гишүүн 2021 онд Ардчилсан намын хаалгыг татсан юм. Гэхдээ хоч нь “Женко”-д харьяалагдах төлөөстэй. Иргэний хөдөлгөөнүүдийн ард нэр нь хамтдаа явж л байдаг тэднийг чухам хаана очиж зам нийлэхийг гярхай иргэд хүлээж байсан нь гарцаагүй.
Гишүүн хэлэхдээ “МАН, АН хоёр сиамын ихэр шиг болж байна” гэх үг чулуудсан удаатай. Харин өнөөдөр өөрөө Х.Баттулгатай “Сиамын ихэр” болчихоод явж байна.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Ерөнхийлөгч асан Х.Баттулга хоёр өчнөөн цаг хугацаа, орон зайг туулан “хөтлөлцсөн” нь
Дарцаг хэмээгч нь салхи дагаж намирдаг шиг, босоо хочит С.Ганбаатар “эксүүдийн гар дамжсаар”. Үүнээс харвал тэрбээр дээр үед “бул хар чулуу”-г өнхрүүлж өгснийхөө шанг ирэх сонгуулиар хүртэж мэдэх нь.
Монголын ардчилсан холбооны нэрэн дор Ерөнхийлөгч асан Х.Баттулга, УИХ-ын гишүүн С.Ганбаатар хоёр нэгдэж, АН-ын гишүүдтэй уулзан "Хөх Монголын хөх туг” аяныг эхлүүлсэн. Үүнийг явуургүй арга гэж харах нэг хэсэг ч бий. Сонгууль болгоноор өөр, өөр хүний өөр өөр гараас хөтлөн гүйж яваа С.Ганбаатар руу Т.Доржханд нүүрсний сонсгол явуулах түр хорооны хурал дээр үг чулуудаад л авсан. Гэсэн ч Ганбаатарыг ХҮН-ын дарга байхад генсекээсээ “хусуулсан” Т.Доржханд улс төр дэх өнөөх л “хүүхэд” янзаараа гэх шиг хариулт аваад хоцорлоо.
Хоёрын хоёр парламентын сонгууль дамнан ялагдсан Ардчилсан намынхан бэлгэдлийн ч болов даргатай болж, тамга атгуулсан хэдий ч “баздаг хэд” нь янзаараа тул хувийн тоглолтыг Х.Баттулга оройлов.
Энэ бол Г,Б хоёрын өчнөөн жилийн цаанаас бодож, бясалгаж ирсэн “тоглоом” биш гэж үү. Бие бие рүүгээ ил далд тэмүүлж асан нутаг нугын хоёр халуун мөрөөдөлдөө умбаж яваа нь илт.
Бадар барин, хадаг өвөртлөн АН-ын босгыг давж байсан Босоо Ганбаа энэ удаагийн сонгуулиар бооцоогоо ийнхүү “Женко” дээр тавьжээ. Парламентийн “босоо” улстөрч асан тэрбээр өлсөгч, тэмцэгчийн тодорхойлолтоос салхины аясаар намирч байдаг “Дарцаг” нэрийг зүүх алдрын замд нэгэнт хөл тавив. Дарцаг аль зүгт хийсэхээ өөрөө шийдэхгүй, түүнийг залуурдагч нь салхи л билээ.
М.Жаргал
Сэтгэгдэл (4)