Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол орны нэн ховор амьтан Мазаалай баавгайг хамгаалах цогц арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий ажлын хэсгийн анхдугаар хуралдаан өчигдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд боллоо.
Хурлын хүрээнд:
- 4 жилийн хугацаанд хэрэгжүүлэх “Мазаалай баавгайг хамгаалах үндэсний хөтөлбөр”-ийг батлах,
- Мазаалай баавгайг “Үндэсний бахархалт амьтан” болгох,
- Жил бүрийн 2 дугаар сарын 28-ны өдрийг “Мазаалай баавгайн өдөр” болгох,
- Мазаалай баавгайн нутагладаг Говийн их дархан цаазат газрын “А” хэсэгт байрлах баянбүрд, уст цэгүүдийг сэргээж хамгаалах,
- 2023 оны 09-10 дугаар сард хоёр мазаалай баавгайг сансрын дохиололтой хүзүүвчээр тэмдэглэх,
- Мазаалай баавгайн нэрийг барьж үйл ажиллагаа явуулдаг 48 төрийн бус байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавьж, мазаалай баавгайг хамгаалах цогц ажилтай уялдуулах,
- Мазаалай баавгайг хамгаалах нэгдсэн сан байгуулж, санхүүжилтийн ил тод тогтолцоог бий болгох зэрэг олон чухал асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ.
Хуралдаанд БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, Ерөнхийлөгчийн Тамгын газрын Байгаль орчны төсөл, хөтөлбөр хариуцсан албаны дарга О.Алтансаруул, Баянхонгор аймгийн засаг дарга Д.Мөнхсайхан, БОАЖЯ-ны БНБЗГ-ын дарга Ц.Уранчимэг, Ойн газрын дарга Б.Оюунсанаа, Усны газрын дарга З.Батбаяр, Цаг Уур орчны шинжилгээний газрын дарга Г. Оюунжаргал, Говийн их дархан цаазат газрын “А” хэсгийн хамгаалалтын захиргааны дарга Ч.Баярбат, ХХЕГ-ын хилийн алба, хилийн төлөөлөгчийн газрын орлогч дарга, хурандаа С.Баярсайхан, ЦЕГ-ын Экологийн цагдаагийн урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааны хэлтсийн дарга К.Нямдаваа, Мазаалай нийгэмлэг ТББ-ын захирал А.Баясгалан, ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний дэд ажилтан Д.Дэлгэрчимэг болон Шинжлэх ухааны академийн хүрээлэнгүүд, эрдэм шинжилгээ судалгааны байгууллага, амьтан судлаач, амьтан хамгааллын чиглэлийн төрийг бус байгууллагуудын судлаач, эрдэмтдийн төлөөлөл оролцов.