Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Газрын тос боловсруулах үйлдвэрийн анхны санхүүжилт бол 2016 онд АСЕМ-ийн үеэр Энэтхэгийн талаас 1 тэрбум доллар өгөөр амлаж байснаар эхэлсэн. 2019 оны арванхоёрдугаар сарын 20-нд УИХ-аар нэг тэрбум 236 сая ам.доллар буюу яг ТЭЗҮ-ийнх нь дагуу зээлийг соёрхон баталсан. Энэ зээл батлагдсаны дараа цар тахлын нөхцөл байдал үүссэн. Бүтээн байгуулалтын хувьд нэлээд саатсан.
Энэ оны нэгдүгээр сар гэхэд нэг тэрбум 236 сая ам.доллароос дөнгөж 112 сая ам.долларыг л авч хэрэглэсэн. Ингээд бид аваагүй зээлийнхээ хүүг төлөх ёстой болсон.
Энэ гэрээ нэг бүхэл гэрээгээр хийгдсэн. Бусад санхүүжилт нь хийгдэх боломжгүй нөхцөл байдал үүссэн. Иймд бид зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах талаар Энэтхэг улсын Экзим банктай таван сарын хугацаанд хэлэлцээр хийсэн. Монгол Улсад суугаа Энэтхэг улсын элчин сайд бидэнтэй маш сайн хамтран ажилласан. Үүний үр дүнд бидний тавьсан хүсэлтийн дагуу гэрээний өөрчлөлтүүдийг амжилттай хийж чадсан. Ингээд наймдугаар сарын 17-нд Экзим банкны удирдлагууд Монголд ирж, гэрээнийхээ өөрчлөлтийг үзэглэсэн. Ингэснээр бүтээн байгуулалтууд тус тусдаа гэрээ хийсэн. Нэг нэгнээсээ хамааралгүйгээр санхүүжилтээ авах боломж бүрдсэн. Иймд тус төслийн бүтээн байгуулалтын ажил саадгүй үргэлжилнэ" гэв.