Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн, ЦХХХЯ-ны сайд Н.Учрал мэдээлэл өглөө.
Тэрбээр "Есдүгээр сарын 4-8-ны өдрүүдэд "Нээлттэй засгийн түншлэл", ЦХХХЯ-ны сайдын Эстони улсад хийх айлчлал зохион байгуулагдсан. Нээлттэй засгийн түншлэл олон улсын байгууллагад гишүүнчлэлтэй 70 гаруй орон бий.
Цахим шилжилтэд манлайлж, авилгын эсрэг ил тод ажиллаж байгаа улс орны Засгийн газрын үйл ажиллагааг үнэлж, дүгнэж хүндэт өргөмжлөл гардуулдаг уламжлалтай. Хөндлөнгийн үнэлгээ хийсний дагуу ЗГ, ЦХХХЯ, И-монгол академийг нээлттэй засгийн хүндэт өргөмжлөлөөр шагнаж, бодитоор үнэллээ.
НҮБ-аас гаргадаг Цахим хөгжлийн индексээр 18 байр урагшилж, 74 байрт орсон.
Энэ бол 1,6 сая хэрэглэгч, тоон гарын үсгээ хэрэглэж буй 800 мянган иргэний хамтын шагнал. Мөн ирээдүйд хийх ажил үйлсийн хариуцлага гэж харж байна.
Нээлттэй засаглалын ил тод байдалд Монгол Улсын ЗГ-аас "5Ш" ажиллагааны хүрээнд "Шилэн" ажиллагааг явуулж, үлгэр загвар болохуйц нээлттэй засаглалын бодлого хэрэгжүүлсэн гэдгийг олон улсад өндрөөр үнэлж байна. Мөн энэ бол 2500 гаруй инженерийн хамтын бүтээл билээ.
Төрийн цахимжилтыг эрчимжүүлэх болоод иргэдэд хүргэхэд онцгой анхаарч, цахимжилтын шинэ эхлэлийг Эстони дахь айлчлалын үеэр албан ёсоор тавьлаа. Энэ ондоо багтаан "E-Residency" хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийг өргөн мэдүүлнэ.
Цаасан хүнд суртлаас салах чиглэлээр 120 хуульд нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэх эсэхийг өнгөрсөн чуулганаар УИХ дэмжсэн.
УИХ-ын намрын чуулганаар анхны хэлэлцүүлэг хийж, дүрэм журмын түгжээг мултлахын тулд 120 хуульд нэмэлт өөрчлөлт оруулна" гэв.
М.Жаргал
Сэтгэгдэл (2)