Английн хөлбөмбөгийн шигшээ баг өчигдөр буюу есдүгээр сарын 12-нд Шотландын багтай нөхөрсөг тоглолтыг хийж, 3:1-ээр илүүрхлээ. Энэхүү тоглолт нь Шотланд болон Английн шигшээ багуудын анх учраа тааран тоглосны 150 жилийн ойд зориулагдсан байв. Тэд энэ тоглолт болсон өдрөөс 150 жил 286 хоногийн өмнө буюу 1872 оны 11 дугаар сарын 30-нд анх удаа тогложээ.
Шотландын шигшээ багийн хувьд Европын АШТ-ий урьдчилсан шатны таван тоглолтодоо 2023 он гарснаас хойш дараалан хожоод байв. Тэгвэл урд шөнийн тоглолт тэдний хувьд энэ оны анхны хожигдол байлаа. Харин Английн шигшээ баг энэ онд нэг ч хожигдол амсаагүй яваа.
Тоглолтын эхний хагаст Фил Фоден, Жуд Беллингхэм нар гоолдсон. Харин хоёрдугаар үеийн эхэнд Харри Магуайрыг талбайд оруулахад тэрээр 67 дахь минутад авто гоолыг оруулж, тоглолтын үр дүнг ойртуулах нь тэр. Гэсэн ч Жуд Беллингхэмийн дамжуулалтаар Харри Кэйн 81 дэх минутад гоолдож, улмаар тэд 3:1-ээр ялалт байгуулсан юм.
Өнгөрсөн долоо хоногт Украины эсрэг тоглохдоо шигшээ багийнхаа төлөөх анхны гоолоо оруулсан Кайл Уолкер эхний гоолын дамжуулалтыг Фоденд өгөв. Эхний гоолоос гурван минутын дараа Энди Робертсоны дутуу цэвэрлэсэн бөмбөгийг Жуд Беллингхэм хаалга руу цохиж, хоёр дахь гоолыг оруулсан. Өдгөө 20 настай Жуд Беллингхэм энэ улирлын эхний зургаан тоглолтодоо найман гоол оруулж, залуу оддын эгнээнд зүй ёсоор бичигдэж байна.
Энэ хожил Англичуудын хувьд өөр нэгэн түүхийг бичив. Тодруулбал, Английн шигшээ баг өмнө шөнө хожсоноор 600 тоглолтод ялалт байгуулсан Европ тивийн анхны улс болсон юм. Мөн Беллингхэм 1979 оноос хойш Шотландын шигшээгийн эсрэг гоол оруулж, гоолын дамжуулалт өгсөн анхны Англи тоглогч болж чадлаа.
Л.Сая