Нийслэлийн ИТХ-аар 2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөгөө, биелэлтийн талаар Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө танилцуулсныг хэлэлцжээ.
Дулаан хангамжийн чиглэлээр Улаанбаатар хотын өвөлжилтийн бэлтгэл 87 хувьтай байгаа аж. Харин цахилгаан хангамжийн найдвартай ажиллагааг хангах чиглэлээр Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК урсгал засварын ажлыг гүйцэтгэж байгаа бөгөөд 90.5 хувийг гүйцэтгэлтэй байгаа гэв.
Мөн ус хангамж, ариутгах татуурга, үерийн далан суваг, хөрсний ус, авто зам, нийтийн эзэмшлийн гудамж талбайн халтиргаа гулгаа, цэвэрлэгээний бэлэн байдлыг есөн дүүргийн хэмжээнд хангаж ажиллаж байгааг танилцуулав. Мөн улс нийслэлийн төсөвт тусгах шаардлагатай төсөл, арга хэмжээнүүд бий юм.
Тухайлбал, Яармаг орчмын зэвтэй усны асуудлыг шийдвэрлэх хүрээнд Хан-Уул дүүргийн 23, 24 дүгээр хорооны орон сууцны хорооллуудыг цэвэр усаар хангадаг шугамыг шинэчлэх шаардлагатай. Энэ ажлын хөрөнгийг шийдвэрлэх шаардлагатай бөгөөд ойролцоогоор 6 тэрбум төгрөгийг санхүүжилт хэрэгтэй.
Мөн Таван шар, 21 дүгээр хороолол, Толгойт, Баянхошуу зэрэг хорооллыг усаар хангадаг шугамыг батлагдсан зураг төслийн дагуу нэг ухалтаар шинэчлэх ажлын 86 сая төгрөгийг ирэх оны төсөвт тусгуулах хэрэгтэй байгаа аж. Түүнчлэн Улаанбаатар хотын хэмжээнд 800 цахилгаан шатны ашиглалтын хугацаа дуусаж байгаа. Үүнээс мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр ашиглах боломжгүй 132 цахилгаан шатыг шинэчлэн солих, цахилгаан эрчим хүчинд холбогдоогүй хүчдэлийн уналттай айл өрхийг найдвартай эрчим хүчээр хангах зэрэг төсөл, арга хэмжээний санхүүжилтийг шийдвэрлэх шаардлага бий болоод байна.
Сэтгэгдэл (1)