"Их дуулга"-ын хошой аварга Симона Халеп теннисний допингийн эсрэг хөтөлбөрийг зөрчсөний улмаас дөрвөн жил тоглох эрхээ хасуулжээ. Бие даасан шүүх 31 настай Румын бүсгүйг допингийн эсрэг "санаатай" зөрчил гаргасан гэдгийг тогтоосон байна.
Халеп мэдэгдэлдээ Спортын арбитрын шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдах бодолтой байгаагаа хэлсэн. Тэрбээр "Би бэлтгэл сургуулилтаа үргэлжлүүлж, эдгээр хуурамч мэдээллээс нэр төрөө цэвэрлэхийн тулд чадах бүхнээ хийнэ" гэв.
Халеп өнгөрсөн жилийн АНУ-ын нээлттэй тэмцээнд роксадустат гэх бодис хэрэглэсэн нь эерэг гарсан. Мөн 2022 онд түүний биологийн паспортоос зөрчил илэрсэн тул тодорхойгүй хориотой бодис, арга хэрэглэсэн гэм буруутайд тооцож байв.
"Roxadustat" гэгддэг уг бодис нь цус багадалтын эсрэг эм бөгөөд цусны улаан эсийн үйлдвэрлэлийг идэвхжүүлдэг аж. Биологийн паспортын зөрчлийн тайлбар нь "допинг хэрэглэсэн байх магадлалтай" гэсэн бие даасан гурван шинжээчийн санал нэгтэйгээр хэлсэн "хүчтэй дүгнэлт"-д эргэлзэх шалтгаан байхгүй гэж тус зөвлөл мэдэгдэв.
Халеп 2022 оны 10 дугаар сараас хойш эрхээ түдгэлзүүлээд байгаа тул 2026 оны 10 дугаар сарын 07-нд дахин тоглох боломжтой болох ба тэр үед 35 нас хүрсэн байх болно. Шүүхийн дүгнэлтийг давж заалдаж болох бөгөөд Халеп шүүхийн шийдвэрийг эсэргүүцнэ гэдгээ мэдэгдсэн.
Тэрбээр мөн хэлэхдээ "Өнгөрсөн жил миний амьдралын хамгийн хэцүү тэмцэл байсан. Харамсалтай нь миний тулаан үргэлжилсээр байна. Би теннис гэх сайхан зүйлд бүх амьдралаа зориулсан. Би манай спортыг зохицуулдаг дүрмийг маш нухацтай авч үздэг. Би хэзээ ч хориотой бодисыг санамсаргүй эсвэл санаатайгаар хэрэглэж байгаагүй гэдгээрээ бахархалтайгаар хэлж байна. Би тэдний дөрвөн жилийн хоригийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, давж заалдах болно. Энэ оны эхэн хүртэл анхны эерэг шинжилгээний дүнгээс хойш би хянуур байж, долоо хоног болгон шинжилгээ өгдөг байсан. Надаас нэг ч удаа хориотой бодис илрээгүй. Би Их дуулгад түрүүлснээсээ хойш 200 гаруй удаа шинжилгээ өгсөн. Ямар ч зөрчил илрээгүй" гэжээ.
Мэргэжлийн теннисчдийн холбоо Халепын эл хэргийг хориотой бодис санаатай, давтан хэрэглэсэн гэж үзэж байгаа. 2018 онд Францын нээлттэй тэмцээнд, дараа жил нь Уимблдонд түрүүлсэн Халеп 2016 онд Мария Шараповагаас хойш хар тамхины шинжилгээнд бүдэрсэн хамгийн өндөр үзүүлэлттэй теннисчин болжээ. Тэрбээр WTA-ийн аялан тоглолтын ганцаарчилсан төрөлд 24 удаа түрүүлж, 32.2 сая фунт стерлинг буюу 40.2 сая доллар хүртэж, 2017, 2018 онд дэлхийн чансааны нэгдүгээрт жагсаж байлаа.
Л.Сайнаа