Энэ өдөр мэргэжлийн сүмо дахь Монголын анхны алтан хараацайнуудын нэг Кёкүтэнхо Н.Цэвэгнямын төрсөн өдөр тохиож байна. Тэр 1974 оны есдүгээр сарын 13-ны өдөр Улаанбаатарт төрсөн юм. Н.Цэвэгням 2012 оны тавдугаар сарын тэмцээнд анх удаа түрүүлж, хамгийн өндөр настайдаа анхны түрүүгээ авсан бөх болсон. Энэ ялалт бол түүний сүмод өнгөрүүлсэн 24 жилийн хугацааны хамгийн оргил амжилт. Түүний сүмод орсон түүх бас сонирхолтой.
1992 оны хоёрдугаар сард тухайн үеийн “Оошима” дэвжээнд Н.Цэвэгням, Д.Батбаяр, Б.Энхбат, Ц.Батжаргал Ш.Мөнхболд, Л.Түмэндэмбэрэл гэсэн зургаан хөвгүүн сүмогоор барилдахаар орчуулагч Цэвээнсүрэн гуайн хамтаар наран анх хөл тавьсан.
Сүмогоос шантрах үе түүнд цөөнгүй тохиож, хэдэнтээ оргож буцсан удаатай. Арлын оронд анх очсон хөвгүүдэд бүх зүйл хэцүү байх нь аргагүй. Хоол унд нь тохирохгүй, хатуу харгис бэлтгэл сургуулилт гээд нэрлэвэл өсвөр насны хөвгүүдийн тэрхүү зовлонт өдрүүдийг таашгүй билээ. Гэхдээ тэр хичээл зүтгэлийн үр дүнд энэ бүхнийг даван туулж, эзэн хааны цом гардан авсан. Цаг хугацаа харвасан сум шиг л өнгөрсөн байна. Н.Цэвэгням зодог тайлж, өдгөө сүмо бөхийн дэвжээний анхны монгол гаралтай ояката болжээ. Түүний сүмод тавьсан өндөр босгоор олон монгол хөвгүүд гишгэн гайхалтай амжилт үзүүлсээр байгаа билээ.
Н.Цэвэгнямын мэргэжлийн сүмод гаргасан зарим томоохон амжилтыг сонирхуулъя.
-Дээд зиндаанд 37 нас, найман сартайдаа түрүүлсэн
-Дайчин барилдааны шагнал 7, кинбоши 2 удаа хүртсэн.
-Мэргэжлийн сүмод 927 удаа давсан /түүхэнд VI/
-Дээд зиндаад 697 удаа давсан /түүхэнд VIII/
-Дээд зиндааны 99 башёд барилдсан /түүхэнд II/
-Мэргэжлийн сүмод 1870 удаа барилдсан /түүхэнд-2/
-Дээд зиндаанд 1470 удаа барилдсан /түүхэнд I/