Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын овоолгоос ашиг олдог томоохон компанийн цуваа “Зэс эрдэнийн хувь”, “Ачит Ихт” зэргээр үргэлжилнэ. Эдгээрийн цаана “Зангиатай эрх ашиг” бий талаарх асуудлыг иргэд хөндсөн.
Уул уурхайгаас зөвхөн ухсан нүх, овоолсон шороотой л үлддэг цаг ард хоцорч, овоолгыг түшиглэн үйлдвэрлэл явуулж, тухайн нутгийн ард иргэдэд тодорхой хэмжээний хувь хүртэх боломж бий болсон билээ.
Тухайлбал, 2010 онд байгуулсан “Зэс Эрдэнийн хувь” компани, Эрдэнэт үйлдвэр, Орхон сумын ИТХ гурван талт гэрээ үзэглэснээр 2013 онд албан ёсоор тус үйлдвэрийн 8а болон 12-р овоолгыг ашиглан катодын цэвэр зэс боловсруулах үйлдвэрийн төсөл хэрэгжүүлэх нөхцөл бүрдсэн байна. Тус үйлдвэр нь жилд 10.0 мян.тн, 99.99 хувийн цэвэршилттэй катодын зэс үйлдвэрлэх хүчин чадалтай юм.
Гэвч 24,500 иргэний эрх ашгийг хохироож, "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын ерөнхий захирал Г.Ёндон болон албан тушаалтнууд "Зэс эрдэнийн хувь" ХХК-ийн үйл ажиллагааг зохион байгуулалттайгаар зогсоож байгаа талаар тус үйлдвэрийн анхдагч ахмадууд өчигдөр буюу есдүгээр сарын 11-ны өдөр мэдээлэл хийлээ.
Тэд Эрдэнэт үйлдвэр 100 хувь төрийн өмч болонгуут иргэдийнхээ халаас руу гараа дүрж буй явдалд шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэрхийлсэн.
Түүнчлэн ЕТГ-ын дарга Я.Содбаатарын ах Я.Сод-Эрдэнэ нь эхнэрийнхээ дүү н.Отгонбаяраар дамжуулан, мөн түүний найз болох Ч.Мөнхжаргал нь "Зэс Эрдэнийн Хувь" компанид 28 хувийг эзэмшдэг тухай дурдсан юм.
Тус компанийн 32 хувийг ТУЗ-ийн даргаар ажиллаж байгаа Г.Галсанням эзэмшдэг байна. Иргэдийн сэрдэж буйгаар, Г.Галсанням гэгч нь “Компанийхаа 34 хувийг барьсан үйлдвэртэйгээ Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ-т өгөөд тарцгаая гэсэн нь дээрх 24,500 хувьцаа эзэмшигч иргэдийн эрх ашигт цаанаасаа зохион байгуулалттай халдсан үйлдэл мөн” хэмээн үзэж буй.
ЕТГ-ын дарга Я.Содбаатарын төрсөн ах болох Я.Сод-Эрдэнэ ямар арга замаар энэхүү компанид хувь эзэмшдэг болсон нь иргэдийн хувьд асуулт дагуулж байна.
Цаашлаад төрийн өндөр албан тушаалтнууд бусдын нэрээр компанид “үүрлэж”, үйл ажиллагааг нь доголдуулдаг болсон уу.
Эрдэнэтийн овоолгоос ашиг хонжоо хайсан эрх мэдэлтнүүдийн жагсаалт Я.Содбаатараар дуусахгүй. Уул уурхайд гар хөл нь дүрээтэй яваа олон улс төрч бий.
М.Жаргал
Сэтгэгдэл (5)