БНХАУ-д болж буй Олон улсын дугуйн холбооны “Tour of Poyang Lake” тэмцээний хоёр дахь өдрийн гараанд Монголын тамирчин Б.Марал-Эрдэнэ түрүүллээ. Түүнчлэн энэ тэмцээнд манай улсын есөн тамирчин хурд сорьж байгаа бөгөөд Б.Идэрболд тавдугаар байрт орсон байна. Эдгээр амжилт тун чухал.
Монголын дугуйчид чансаагаар Ази тивдээ эхний гуравт, дэлхийд 34 дүгээр байрт бичигдэж байгаа ба одоогийн байдлаар “Парис-2024” зуны олимпын наадмын эрхийг өвөртөлсөн байгаа.
Энэ амжилтаа нэг сар хадгалж чадвал олимпод монгол дугуйчин уралдах таатай боломж бүрдэнэ. Олимпын эрх авахын тул эхний 45 улс, 95 дугуйчны нэг байхад Парисыг зорино. Парисын олимпын эрхийн оноо авах тэмцээнүүд энэ оны аравдугаар сарын 17-нд дуусгавар болох юм. Монгол Улсын шигшээ багийн болон “Ферей Монголиа” мэргэжлийн багийн тамирчдын аравдугаар сарын 17 хүртэл оролцох тэмцээнүүдийн жагсаалт:
1. 9/23-25 “Tour of Bingzhou” 2.2 series. China
2. 9/23-30 “Tour of Langkawi” Pro series Malaysia
3. 10/03-05 “Asian games” Hangzhou
4. 10/06-09 “Tour of Kyushi” 2.1 series. Japan
5. 10/05-09 “Tour of Hainan” Pro series. China
6. 10/14-16 “Trans Himalaya” 2.2 series. China