Гадаадын хөрөнгө оруулагчдыг 200 сая төгрөгөөр залилж эрүүгийн онц ноцтой гэмт хэрэгт шалгагдаж байгаа талаар Б.Дэмбэрэл мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Өнгөрсөн долоо хоногийн дөрөв дэх өдрөөс УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Э.Бат-Амгалан нар болон надтай холбоотой мэдээллүүд сайтуудаар гарч эхэлсэн. Бусдад илт худал мэдээллийг зохион байгуулалттайгаар эрүүгийн онц ноцтой гэмт хэрэгт намайг холбогдуулсан. Тухайлбал, Хятадын ард түмнийг 200 сая төгрөгөөр залилаад Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст шалгагдаж байгаа гэх мэдээлэл цацагдсан. Миний хувьд сэтгүүлч та бүхний ажлыг хүндэтгэн ажилладаг. Залруулга хийх юм болов уу хэмээн хэд хоног харлаа. Миний хувьд Пүрэвсүрэнгийн Уянга гэдэг эмэгтэйг танихгүй. Саяан жигүүр гэдэг компанийг бүр ч мэдэхгүй. Надад махны зоорь зэрэг түрээслэдэг зүйл байхгүй. Үүний цаана зохион байгууллаттайгаар улс төр хийж буй улстөрчид байгаа гэж үзэж байна. Хардах үндэслэлүүд бий.
УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Э.Бат-Амгалан хоёр бол муу зүйлд холбогдоогүй, нүүрсний хулгайд холбогдоогүй. Энэ хоёр УИХ-ын гишүүнийг харлуулахын тулд намайг хавчуулж байна.
Улс төрд цэвэр явж байгаа залуучуудыг намын жагсаалтад орохвий гэх айдастай байгаа улстөрчдийн хийж буй зохион байгуулалттай гэж үзэж байгаа. Би хуулийн байгууллагад хандаж, өөрийн нэр төрийг сэргээж, энэ хэрэгт холбогдолгүй гэдгээ нотолно" гэв.
Д.Батчулуун