УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэгийн шүүх хурал болж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан мэдээллээс онцлох таван эшлэлийг хүргэж байна.
Нэг. Шүүх хурал хэтэрхий их сунжирч байна
- Нийгэм их төөрөгдөж байна. Үнэн бодит мэдээллийг олон нийт богино хугацаанд мэдэх эрхтэй. Удахгүй болох нүүрсний сонсголоор энэ хэрэгт ямар хүмүүс холбогдсон, хуулийн байгууллагууд ямар үйл ажиллагаа явуулж байгаа талаар тодруулж, холбогдох арга хэмжээг аваасай хэмээн хүсэж байна. Хэтэрхий олон сар нүүрсний гэх хэрэгт холбоотой мэтээр гүтгүүллээ. Сайд, УИХ-ын гишүүнийхээ албан тушаалыг өгөөд энэ асуудлыг нэг талд шийдэгдэнэ хэмээн явж байна шүү дээ.
Хоёр. Надад нүүрстэй холбоотой ямар ч асуудал байхгүй
- Маш аймшигтайгаар хүнийг гүтгэн, хэлмэгдүүлж, харлуулж олон сар явж байна. Нэг ёсны эрүү шүүлт гэж үзэж байгаа. Энэ асуудал шударгаар шийдэгдэнэ хэмээн итгэж өнөөдрийг хүртэл хуулийн байгууллагад хүлээсэн үүргээ биелүүлж, шалгуулаад явж байна. Намайг нүүрсний хэрэгт холбоотой байна уу гэж хяналт шалгалт явуулсан шүү дээ. Үүнд ямар ч асуудал байхгүй.
Гурав. Бусдын холбогдсон хэргийг надад нялзаах хэрэггүй
- Миний ажлын албанд ажилладаг байсан гээд тухайн хүнийг 24 цаг хянах боломжгүй. Иймд хүмүүсийн холбогдсон хэргийг бусдад нялзаах асуудал байж болохгүй.
Дөрөв. Ерөнхийлөгчөөс тусламж хүсээгүй
- Ерөнхийлөгчтэй уулзаагүй нэлээд удаж байна. Ер нь хүмүүстэй уулзах боломж хязгаарлагдмал байгаа.
Тав. Морины зүчээг өөрийн хүч хөдөлмөрөөр байгуулсан
- Аж ахуйн асуудал бол найз нөхдийн хамт, өөрийнхөө хүч хөдөлмөрөөр байгуулсан.
Д.Батчулуун