Манила хотын "Mall of Asia Arena" цэнгэлдэх хүрээлэнд цугларсан 10666 хөгжөөн дэмжигчдийн өмнө АНУ, Канадын шигшээ багууд энэ удаагийн ДАШТ-ы хамгийн гайхалтай гэж хэлж болох тоглолтыг хийлээ. Гуравдугаар байрын төлөөх тоглолт 1990 оноос хойш анх удаа нэмэлт цагт үргэлжилж, Канадын шигшээ баг 127-118 харьцаатай ялалт байгуулсан юм.
Канад улс олон улсын сагсан бөмбөгийн салбарт хамгийн том амжилтаа үзүүлж, ФИБА-гийн сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний түүхэнд анхны медалиа хүртсэн бол АНУ 1963, 1967, 1970 оноос хойш анх удаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хоёр дараалан шагналын тавцанд гарч чадсангүй.
Канадын шигшээ багаас Шай Гилгеус-Александр дундын шугамнаас, мөн Диллон Брукс хоёр торгуулийн шидэлт хийснээр тоглолтын сүүлийн үе дуусахад хэдхэн секунд дутуу байхад тоглолтын хувь заяаг шийдсэн гэж хэлж болно. Гэвч АНУ-ын шигшээ багаас Микал Бриджс сайн тоглолт үзүүлж, чөлөөт шидэлтийн шугамаас төсөөлөөгүй тоглолт хийлээ. Тодруулбал, тэр эхний чөлөөт шидэлтээ хийж, хоёр дахь шидэлтийг санаатайгаар алдаж, багийнхандаа самбараас бөмбөг авах боломжийг олгосон юм. Улмаар булангаас гурван онооны шидэлтийг унагаж, дөрөв дэх үе дуусахад 0,6 секунд дутуу байхад тооны харьцааг 111-111 болгож тэнцүүлсэн нь нэмэлт цаг сунгах боломжийг үүсгэсэн.
Канадын шигшээ багаас энэ өдөр Диллон Брукс 39 оноо авч багаа тэргүүлсэн бол АНУ-аас Энтони Эдвард 24 оноо авлаа.
Ингэснээр сагсан бөмбөгийн эх орон гэгддэг АНУ-ын хөрш Канадчууд мэргэжлийн сагсан бөмбөгийн спортод шинэ хаалгаа нээлээ. Тэд ирэх 2024 оны Парисын олимпод оролцох эрхээ өвөртлөв. Канадын шигшээ баг хагас шигшээ тоглолтод Сербийн багт ялагдсан.
Л.Сайнаа