Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Австралийн Холбооны Улсын Гадаад хэргийн сайд Пэнни Вонгийн урилгаар 2023 оны 9 дүгээр сарын 12-15-ны өдрүүдэд Австралийн Холбооны Улсад албан ёсны айлчлал хийнэ.
Айлчлалын үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Австралийн Холбооны Улсын Парламентын даргад бараалхан Гадаад хэргийн сайдтай албан ёсны хэлэлцээ хийж, Австралийн Парламент дахь Австрали, Монголын найрамдлын бүлгийн дарга, гишүүд болон албаны бусад хүмүүстэй уулзаж, хоёр талын харилцаа, түүний дотор худалдаа, эдийн засаг, боловсрол, уул уурхай, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, иргэдийн солилцоог дэмжих болон олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар санал солилцоно.
Тэрбээр мөн Австралийн Олон улсын харилцааны хүрээлэнд зочлон “Монгол Улсын гадаад харилцаа: Зүүн хойд Азийн бодлого” сэдвээр лекц уншиж, Сиднейн Дуурийн театрын тайзнаа анх удаагаа тоглох Монголын Морин хуурын чуулгын тоглолтын нээлтийн ажиллагаанд оролцож, үг хэлнэ.
Энэхүү айлчлал нь Монгол Улс, Австралийн Холбооны Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн дараа хэрэгжиж буй анхны өндөр түвшний айлчлал гэдгээрээ онцлог юм.
Сэтгэгдэл (1)