2023 он гарсаар аварга цолтой бөхчүүдээс О.Хангай хамгийн олон түрүүлсэн байна. Түүний энэ оны анхны барилдаан “Хайрхан” захын нэрэмжит, улсын начин цолтны хүндэтгэлийн барилдаан байсан бөгөөд тэр их шөвөгт үлдэж, түрүү бөх харцага Б.Зоригтбаатарт унажээ. Үүнээс нэг сарын дараа Сар шинийн барилдаанд зодоглохдоо дахин их шөвөгт шалгарсан юм. Ингэхдээ даян аварга Н.Батсуурьт тахим өгсөн.
Төв аймгийн түүхт 100 жилийн ойд зориулсан барилдаанд мөн л их шөвөгт үлдэхдээ гарди Ц.Бямба-Отгонд унасан.
Дараа нь улсын арслан Г.Дэмүүлийн нэрэмжит барилдаанд дахин их шөвөгт үлдэхдээ гарди Ө.Бат-Оршихыг амлан унажээ. Түүний дараалсан дөрөв дэх их шөвөг юм. Харин Монгол цэргийн өдөрт зориулсан барилдаанд түрүүлсэнээр их шөвөгт дараалан үлдсэн амжилтыг зогсоов. Энэ оны анхны түрүүгээ ингэж авлаа. Мөнххаан сумын түүхт 100 жилийн ойд зориулсан барилдаанд үзүүрлэхдээ начин Э.Сумъяабатад өвдөг шороодсон бөгөөд түүний энэ оны анхны үзүүр болсон.
Дараа нь Баянхонгор аймгийн дөрвөн сумын түүхт 100 жилийн ойд зориулсан барилдаанд түрүүлсэн байна. Гэвч Эрчим хүчний салбар үүсэж хөгжсөний 100, 101 жилийн ойн барилдааны хоёрын дааанд унасан нь түүний энэ оны хамгийн муу амжилт болов. Үүнээс хойш заал тахимын барилдаанд зодоглолгүй Улсын баяр наадамд их шөвөгт шалгарсан юм.
Дараа нь Говь-Алтай, Хэнтий аймгийн түүхт 100 жилийн ойн наадамд түрүүлж, Манхан сумын 100 жилийн ойн наадам, Алтан овооны тахилга наадамд түрүүлжээ. Мөн Хөтөлийн цемент шохой ТӨХК-ий 40 жилийн ойн барилдаанд их шөвөгт шалгарчээ.
Хамгийн сүүлд өчигдөр Барилгын салбарын 97 жилийн ойн барилдаанд их шөвөгт үлдлээ. 25 аварга О.Хангай он гарсаар 14 барилдаанд барилдаж, зургаа түрүүлж, тав үзүүрлэжээ.
А.Болд
Сэтгэгдэл (1)