Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНБУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Д.Н.Гореликийг 2023 оны есдүгээр сарын 7-ны өдөр хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Беларусь Улстай өрнүүлж буй уламжлалт найрсаг харилцаанд өндөр ач холбогдол өгч байдгаа онцолж, хамтын ажиллагааг цаашид олон салбарт тэлэхийн төлөө байгаагаа тэмдэглэв.
Тэрбээр мөн хоёр улсын Засгийн газар хоорондын комисс, Парламентын бүлэг хоорондын хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлж, ээлжит хуралдааныг энэ ондоо багтаан зохион байгуулахаар ажиллаж байгааг дурдлаа.
Хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэх, ялангуяа худалдаа, хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлэх чиглэлээр онцгой анхаарч, хамтран хэрэгжүүлж буй төслүүдийг урагшлуулахын төлөө ажиллаж байгаагаа Элчин сайд Д.Н.Горелик танилцуулж, холбогдох салбарын яамд, байгууллагатай идэвхтэй харилцаж буйгаа мэдээлэв.
Уулзалтын үеэр талууд 2023 болон 2024 онд зохион байгуулах дээд, өндөр түвшний уулзалт, айлчлал, арга хэмжээний талаар мөн дэлгэрэнгүй санал солилцлоо.