Ховд аймгийн Булган сумын харьяат, улсын харцага Ганбаатарын Ганхуягийн цолны мялаалга наадам боллоо. Барилдаанд улсын заан Б.Бат-Өлзий түрүүлж, аймгийн арслан Б.Батцоож үзүүрлэв. Харин их шөвөгт аймгийн хурц арслан Б.Баянмөнх, аймгийн арслан Б.Бат-Орших нар шалгарлаа. Нутгийн зон олны зүгээс шинэхэн харцагадаа гурван өрөө байр, “Ланд круйзер-300” автомашинаар шагнаж амжилтыг нь мялаасан байна.
Г.Ганхуяг нь 2013 онд сумын заан, 2014, 2016 онд цолоо баталж, 2021 онд аймгийн арслан, 2023 онд улсын харцага цол хүртсэн юм.
Үүнээс гадна тэр чөлөөт бөхийн 2019, 2023 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальтан бөгөөд удахгүй болох насанд хүрэгчдийн ДАШТ-д эх орноо төлөөлөн оролцох билээ. Г.Ганхуяг өнөө жилийн улсын баяр наадмын нэгийн даваанд аймгийн начин Б.Гончигсүрэнг, хоёрын даваанд улсын начин Н.Мустафаг, гурвын даваанд улсын харцага Н.Батзаяаг, дөрвийн даваанд улсын аварга П.Бүрэнтөгсийг, тавын даваанд улсын гарди Ө.Бат-Оршихыг, зургаагийн даваанд улсын арслан арслан Б.Орхонбаярыг давж улсын харцага цол хүртсэн. Харин заан цолны даваанд аварга О.Хангайд унасан юм.