Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын урилгаар Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Үндэсний Ассамблейн дарга Сайсумпон Фумвихан Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр хүрэлцэн ирлээ.
Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Үндэсний Ассамблейн дарга Сайсумпон Фумвихан болон дагалдан яваа төлөөлөгчдийг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлын “Хүндэт зочны танхим”-д УИХ-ын гишүүн, АБГББХ-ны дарга Б.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Ч.Ундрам нар угтаж авлаа.
Энэхүү айлчлал нь Лаос Улсын Үндэсний Ассамблейн даргын түвшинд 11 жилийн дараа Монгол Улсад хэрэгжиж буй айлчлал бөгөөд Монгол Улс, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын харилцаа, хамтын ажиллагааны шинэ жарны эхлэл болж буйгаараа онцлог юм. Түүнчлэн Монгол Улс АСЕАН-ы Яриа хэлэлцээний түнш болох, АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход Лаосын талын дэмжлэгийг үргэлжлүүлэн авахад чухал ач холбогдолтой юм.
Айлчлалын хүрээнд маргааш Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Лаосын Үндэсний Ассамблейн дарга Сайсумпон Фумвихантай албан ёсны хэлэлцээ хийж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний Ассамблейн дарга Сайсумпон Фумвиханыг хүлээн авч уулзана.
Уулзалт, яриа хэлэлцээний үеэр Монгол, Лаосын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа, түүний дотор Парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлж, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааг бэхжүүлэх, олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлуудаар санал солилцохоор төлөвлөсөн байна.
Албан ёсны айлчлал 2023 оны 9 дүгээр сарын 7-10-ны өдрүүдэд үргэлжлэх юм.