Ардчилсан Намын Үндэсний бодлогын хороо өнөөдөр хуралдаж, хурлаас гаргасан шийдвэрийн талаар удирдлагууд мэдээлэл өглөө. Энэ үеэр АН-ын дарга Л.Гантөмөр тус намын Улс төрийн зөвлөлийн хурлыг намын тэргүүн дэд даргаар томилогдоод буй С.Баярцогтыг удирдаж явуулах санал гаргаснаа мэдэгдэв.
Тэрбээр, "С.Баярцогт даргын хувьд сонгуулийн компанийг удирдах чиглэл дээр тодорхой ажлууд хийнэ. Улс төрийн зөвлөлийн хурлыг даргалж явуулдаг болно.
Манай намын дүрмээр бол намын дарга УТЗ-ийг хуралдуулж, даргална гэдэг дүрэмтэй.
Харин бид өнөөдөр УТЗ-ийн хурлаа хийж, хурлын дэг журмаа батлахдаа тэргүүн дэд дарга хурлыг даргалдаг байхаар намын даргын хувьд санал оруулж байна" гэв. Мөн С.Баярцогтын хувьд намын гадаад харилцааг хариуцаж ажиллах юм. АН-ын тэргүүн дэд дарга болон дэд дарга бүр өөр өөр чиглэлээр тухайн салбар, аймаг, сумуудад төвлөрч ажиллахыг намын дарга нь онцоллоо.