Ардчилсан Намын Үндэсний бодлогын хороо өнөөдөр хуралдаж, хурлаас гаргасан шийдвэрийн талаар удирдлагууд мэдээлэл өглөө.
Энэ үеэр АН-ын дарга Л.Гантөмөр, "Өнгөрсөн долоо хоногт Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдаж тодорхой асуудлуудыг шийдсэн. Нэгдүгээрт, Ардчилсан намын тэргүүн дэд дарга болон дэд дарга нар томилогдож ажилдаа орсон. Хоёрдугаарт, Ардчилсан нам Улс төрийн зөвлөлөө байгуулсан. Намын 22 гишүүний нэр дэвшүүлж, намын Үндэсний бодлогын хороо баталсан.
Өнөөдрөөс УТЗ хурлаа хийж, намын өдөр тутмын шийдвэрийг УТЗ-өөр хэлэлцэж гаргахаар тогтсон. Мөн Үндсэн дүрмийн хороо гэж манай хяналтын байгууллагын 30 хувьд нь шинэчлэл явагдсан.
Ингэснээрээ АН-ын энэ хороо тодорхой хэмжээгээр шинэчлэгдэж үйл ажиллагаагаа явуулж байна. Дөрөвдүгээрт, Дотоод сонгуулийн хорооны гурваны нэгийг эргэлт хийж шинэчилсэн. Мөн АН-ын анхан шатны сонгууль зохион байгуулах журмыг баталсан. Энэ хүрээнд есдүгээр сард багтаж АН-ын сумын хурлууд явагдана. Ялагдсан газар сумын дарга нарын сонгууль явагдахаас гадна аймгийн гишүүдийг сонгох сонгууль явагдана. Үүний дараа аймгийн намын хорооны дарга нарыг сонгох сонгууль, дунд шатны ялагдсан дарга нарын сонгууль явагдана.
АН-ын ҮБХ хоёр зүйл дээр төвлөрч хуралдлаа. Нэгдүгээрт, бид өнгөрсөн хавар, зуны турш намын гишүүдийг сонсох аяныг зохион байгуулсан. Энэ хүрээнд намын 80 мянга гаруй гишүүдийн саналыг авсан.
Тэдгээрээс хамгийн их гарч байгаа санал гэвэл АН нэгдмэл байх нь хамгийн чухал байна. Тэгснээр өнөөдрийн төрийн алдагдсан бодлогыг засаж залруулах ажил дээр хамтран хүчээ гаргаж яваарай гэсэн санал давамгайлсан.
Тиймээс энэ санал дээр үндэслээд АН-ыг яаж бүтэн байлгах вэ гэдэг дээр намын ҮБХ-ны гишүүд санаагаа чилээсэн гэж ойлгож болно. Нэгдмэл, эв эетэй АН гэдэг дээр суурилсан намын ҮБХ-ны хурал боллоо.
Мөн намын гишүүдээс АН цусаа сэлбэж, удирдлагын түвшинд шинэчлэл хийх ёстой гэсэн санал ирсэн. Дараа үеийн улс төрчдийг гаргаж ирэх шаардлага байна.
Төрийн бодлого алдагдсантай холбоотой туршлага үнэхээр хэрэгтэйн дээр залгамж чанар, ардчиллыг хамгаалдаг, монголчуудын эрх чөлөөг хамгаалдаг дараа үеийн улс төрчдийг бойжуулж гаргах, тэр хүмүүсээр намаа удирдуулах саналыг хүчтэй илэрхийлсэн.
Гуравдугаарт, төрийн хүнд сурталтай холбоотой төрийг шинэчлэх тодорхой саналууд, бодлогын алдаануудыг засах зүйлсийг яаралтай грагаж, хэлэлцүүлэгт оруулахыг хамгийн их хэлсэн. АН-ын 15 дэд даргын ес нь 80-аад оны залуус. Эдгээр залуу АН-ыг сонгуульд манлайлж, удирдаж орох юм" гэв.