Сагсан бөмбөгийн ДАШТ-ий шөвгийн наймын сүүлийн тоглолтод сагсан бөмбөгийн өндөр хөгжилтэй улсуудын нэг Канадын шигшээ баг NBA-ийн шилдэг тоглолт Лука Дончичтой Словенийн шигшээ багтай оноолт таарч, 100:89 харьцаатай ялснаар шөвгийн дөрөвт түүхэндээ анх удаа шалгарлаа.
Тэдний хувьд Словенийн шигшээ багийг түүхэндээ мөн анх удаа хожиж байгаа нь энэ.
Канад, Словени хоёр FIBA-гийн албан ёсны тоглолтонд ганцхан удаа таарсан. 2008 онд Грекийн Афин хотод болсон ФИБА-гийн олимпийн эрх олгох тэмцээнд Словени 86-70 харьцаатай ялалт байгуулсан ч хоёр баг Олимпод орж чадаагүй бөгөөд Грек, Хорват, Германы ард бичигдэж байсан юм.
Тэд түүхэндээ гурван удаа нөхөрсөг тоглолт хийхэд (2006 онд 87-72, 2010 онд 86-71, 2014 онд 92-80) Словенийн шигшээ бүгдэд нь хожиж байлаа. Багийн лидер, NBA-ийн шилдгүүдийн нэг Лука Дончич, Диллон Брукс нарын хэн нь түүх бүтээх вэ гэсэн асуултын хариуг бид оллоо.
Эл өдөр Канадын шигшээ багийн аврал нь Шай Гилгеус Александр байлаа. Тэр 31 оноо, 10 самбараас бөмбөг авалт, таван оновчтой дамжуулалт, хоёрын зайнаас 87.5 хувьтай шидэлт гүйцэтгэв. Нөгөө талд Словенийн шигшээ багаас Лука Дончич 26 оноо, гурвын зайнаас 66.7 хувьтай шидэлт гүйцэтгэлээ.
Түүх бүтээсэн Канадчууд шөвгийн дөрөвт Сербийн шигшээ багтай хүч үзнэ. Харин ялагдсан Словенийн шигшээ баг маргааш Литвын шигшээ багтай удаах байрын төлөө өрсөлдөх юм.
Л.Сайнаа