Эстонийн Таллин хотод зохион байгуулагдаж буй “Нээлттэй засгийн түншлэл” дээд хэмжээний 8-р уулзалтаас “Нээлттэй засгийн түншлэл” OGP Монгол Улсын цахим засаглал, нээлттэй ил тод байдлыг үнэлэн өнөөдөр дээд хэмжээний уулзалтын үеэр ЦХХХЯ, И-Монгол академид “Нээлттэй засгийн хүндэт өргөмжлөл” хүртээлээ.
Тодруулбал, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2019 онд ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байхдаа УИХ-ын цахим бодлогын түр хорооны дарга Н.Учрал тэргүүтэй гишүүд болон төрийн алба, хувийн хэвшлийн төлөөлөлтэйгээр Эстони Улсад айлчилж, тус улсын И-Засаглалын академиас зөвлөх үйлчилгээ авсны үндсэн дээр төрийн цахимжилтийн үйл ажиллагааг эрчимжүүлсэн.
Тус зөвлөх үйлчилгээний хүрээнд УИХ-аас цахим хөгжлийг дэмжих 4 хуулийг баталж, Хур болон Дан системийн шинэчлэлийг хийж, И-Монгол төрийн үйлчилгээний нэгдсэн системийг ашиглалтад оруулж, хамгийн сүүлд танилцуулсан 3.0 хувилбарт 1000 гаруй төрийн үйлчилгээг нэгтгэн НҮБ-аас гаргадаг цахим засаглалын индексээр манай улс 18 байраар урагшилсан юм. Мөн Засгийн газраас хэрэгжүүлж буй 5Ш ажиллагааны “Шил” ажиллагааны үр дүнд Нийтийн мэдээллийн ил, тод байдлын хуульд заасан 68 төрлийн мэдээллээс 750 мянга гаруй мөр өгөгдөл shilen.gov.mn-д нээлттэй болоод буй.