Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг Шадар сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа.
Тэрбээр, "Монгол Улсын валютын нөөц 3 тэрбум 933 сая доллар буюу 4 тэрбум долларт хүрэхэд 67 сая доллар дутуу байна. Өнгөрсөн сартай харьцуулахад 106 сая доллараар нэмэгдсэн нь цаашид төгрөгийн ханш тогтвортой байх нөхцөлийг баталгаажуулж байна.
2023 онд эдийн засгийн бодлогыг томьёолохдоо цар тахлын өмнөх хэмжээнд хүргэнэ гэсэн зорилт тавьж байсан бол эхний найман сарын байдлаар Монгол Улсаас гарч байгаа нүүрсний экспортын хэмжээ 41 сая долларт хүрсэн нь цар тахлын өмнөх үеэс 16 сая доллараар нэмэгдсэн.
Зэсийн баяжмалын экспорт 1 сая 22 мянган тоннд хүрсэн нь мөн үетэй харьцуулахад 45 мянган тонноор тус тус өссөн нь төлбөрийн балансын тэнцэл эерэг гарах, вальютын нөөц нэмэгдэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн гэж үзэж байгаа.
Мөн биржээр уул уурхайн бүтээгдэхүүнийг борлуулж байгаа нь хувь нэмэр оруулж байна. Гэсэн хэдий ч цаашид уул уурхайн үйл ажиллагааг илүү ил тод болгоход анхаарч ажиллана. Гэрээ хэлцлийг ил болгосноор Монгол Улсад ноогдох үр ашиг нь өндөр байх тал дээр чиглэсэн арга хэмжээнүүдийг авч байна.
Биржээр нүүрснээс гадна жонш, төмрийн хүдэр зарах шийдвэр гарлаа. Үүний бэлтгэл ажил хангагдсан. Есдүгээр сараас жонш, төмрийн хүдрийг биржээр борлуулахыг холбогдох байгууллагуудад үүрэг болгосон. Үүний дараа мөнгө, зэсийг биржээр борлуулахаар бэлтгэл ажлыг хангах чиглэлийг өглөө. Үүнтэй холбогдуулан биржээр борлуулж байгаа бүтээгдэхүүнүүдийг хилээр гаргахад тусгай гарц бүрдүүлнэ. Биржээр зарагдаж байгаа бараа бүтээгдэхүүний тоо хэмжээг нэмнэ.
Хил дээр дээжийг авч шинжилдэг лаборатори, ухаалаг гарцуудыг үйл ажиллагаанд оруулна. Ингэж байж вальютын нөөц нэмэгдэнэ, Монгол төгрөгийн худалдан авах чанар сайн байна. Мөн Төмөр замын үйл ажиллагааг оновчтой болгох шийдлийг гаргана.
Монгол улсын эдийн засаг сайн байна. Төсвийн орлого орж ирж байна. Валютын нөөц аажмаар нэмэгдэж байна. Эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд хэвийн байна" гэв
М.Дэвээжаргал
Сэтгэгдэл (1)