Сагсанбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн наймын дөрвөн тоглолтын хоёр нь өчигдөр болж, АНУ-ын шигшээ баг Италийн шигшээ багийг 100:63-аар, Сербийн шигшээ баг Литвын шигшээг 87:68-аар хожиж, шөвгийн дөрөвт шалгарлаа.
Харин өнөөдөр хоёрдугаар тойрогт Словенийн шигшээг 100:71-ээр илүүрхсэн Германы шигшээ баг Бразилыг тэмцээнээс мулталсан Латвийн шигшээ багтай учраа таарч тоглоно.
Германчуудын хувьд тэмцээний Е хэсэгт Финланд, Япон, Австралийн шигшээ багуудтай багтсан. Тэд хэсгээ тэргүүлж, одоог хүртэл нэг ч хожигдолгүй яваа. Харин Латвийн шигшээ баг Н хэсэгт Канад, Франц, Ливан улсуудын хамтаар багтсан. Тэд Канадад хожигдож хэсгээсээ хоёрдугаар байраар гарсан ч хоёрдугаар тойргийн тоглолтдоо сайн байж, улмаар шигшээ наймд шалгарсан.
Германы шигшээ баг 2002 онд Югослав улсыг түрүүлэхэд гуравдугаар байрт шалгарч байлаа. Латвийн шигшээ түүхэндээ шөвгийн дөрөвт шалгарч үзээгүй байна. Хоёр багийн аль хожсон нь шөвгийн дөрөвт АНУ-ын шигшээ багтай тоглох юм.
Л.Сайнаа