Сагсанбөмбөгийн ДАШТ энэ жил Ази тивийн гурван улсад нэгэн зэрэг болж байна. Тэмцээнд Африк тивийн тав, Ази тив ба далайн орнуудын найм, Европ тивийн 12, Америк тивийн долоо нийт 32 баг хүч үзэж байна.
Тэмцээний хэсгийн тоглолтууд өндөрлөж, өчигдөр буюу есдүгээр сарын 05-нд шөвгийн наймын тоглолтууд эхэллээ. Тэмцээний шөвгийн наймд АНУ, Литва, Латви, Канад, Герман, Словени, Серби, Итали улсын багууд шалгарсан.
Өчигдөр болсон тоглолтод хоёрдугаар тойргийн тоглолтдоо АНУ-ын хүчирхэг багийг 110:104 харьцаатай буулган авч хэсгээ тэргүүлсэн Литва улсын шигшээ баг Сербийн шигшээгийн эсрэг тоглож, 87:68 харьцаатай ялагдал хүлээж тэмцээнээс мултрав. Тэдний удаах байруудын төлөөх тоглолт хүлээж буй. Харин хожсон Сербийн шигшээ баг шөвгийн дөрөвт шалгарлаа. Тэд шөвгийн дөрөвт Канад, Словенийн шигшээгийн аль хожсонтой нь тоглох юм.
Сербийн багаас Богдан Богданович 21 оноогоор, Литвын багаас Тадас Седекерскис 14 оноогоор тус тус багаа тэргүүлэв.
Нөгөө талд хэсгийн тоглолтоо хожигдолтой өндөрлүүлсэн АНУ-ын шигшээ баг хэсгийн тоглолтдоо ёндоотой байсан Италийн шигшээг 100:63 харьцаатай буулган авлаа. Гайхалтай эргэн ирэлт хийсэн сагсан бөмбөгийн эх орны шигшээ баг шөвгийн дөрөвт өнөөдөр тоглох Латви, Германы шигшээ багийн алт хожсонтой нь өрсөлдөнө. Хэн нь ч хожсон бай АНУ-ын шигшээгийн хувь чанга өрсөлдөгч байх нь гарцаагүй.
АНУ-аас Микал Бриджс 24 оноо авч багаа тэргүүлсэн бол Италиас Симон Фонтеккио 18 оноогоор багаа тэргүүлэв.
2010 онд дөрөвдүгээр байрт шалгарч, 2014 оны ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн Сербийн шигшээ багийн хувьд медалийнхаа өнгийг алт болгох чухал сорилттой тулгараад байна. Харин дэлхийн таван удаагийн аварга АНУ-ын хувьд сагсан бөмбөгийн эх орон гэдэг алдрыг хамгаалах чухал тэмцээн гэдэг мэдээж.
Л.Сайнаа