Монгол бөхийн өргөөнд үндэсний бөхийн цол, чимэг олгох Бүх цэргийн наадам есдүгээр сарын 16-нд Архангай аймагт болох нь. 32 жил тасралтгүй болж ирсэн тус барилдаан орон нутагт анх удаа болох юм. Энэ барилдааны түрүү бөхчүүдээс дархан аварга нэг, улсын аварга хоёр, гарди хоёр, заан нэг, харцага гурав, улсын начин цолтой 14 бөх төрөн гарсан байна.
Анхны барилдаан 1992 онд болоход улсын начин С.Дэлгэрбат цэргийн заан цолтойдоо түрүүлж байв. Хамгийн олон түрүүлсэн бөх нь аварга Ч.Санжаадамба, заан М.Лхагвагэрэл, харцага А.Бямбажав, начин Д.Цогзолдорж нар тус бүр хоёр түрүүлсэн байна. Харин өндөр цолонд хүрсэн бөх нь дархан аварга Г.Өсөхбаяр, Ч.Санжаадамба, С.Мөнхбат юм.