ЗТХ-ийн сайд С.Бямбацогтыг АТГ-т шалгуулахаар болсон талаар түрээслэгч иргэд мэдээлэл хийсэн юм. Ингэхдээ "Драгон худалдааны төвийн хоёр мянган түрээслэгч, тээвэрчид Зам тээврийн хөгжлийн сайдын гаргасан шийдвэрээс болж, амьдрах нөхцөлгүй боллоо" хэмээж байв.
Түүнчлэн С.Бямбацогттой холбоотой хууль зөрчсөн гэх асуудлуудыг нэр бүхий иргэд ярьж, бичсээр буй. Энэ асуудалд сайдын зүгээс тодорхой байр суурь илэрхийлээгүй байлаа.
Тэгвэл өнөөдөр ЗТХ-ийн сайд С.Бямбацогт тэдэнд хариулт болгон "Өөрийгөө АТГ-т шалгуулах"-аар болсноо өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдэгдлээ.
Тэрбээр, "Хууль зөрчсөн бол би хариуцлагаа хүлээе, зөрчөөгүй бол гүтгэсэн нөхөд хариуцлага хүлээх ёстой.
Зам Тээврийн Хөгжлийн сайдын хувьд зам тээврийн салбар, тэр дундаа төмөр зам, авто тээвэртэй холбоотой олон жил бугшсан хулгай луйврын асуудалтай тууштай тэмцэж буй минь олон хүний амин хувийн эрх ашиг, ашиг хонжоо олох гэсэн бусармаг үйлдэлд саад тотгор болж, хулгайн мөнгө, эрх мэдлээ алдахгүй гэсэн этгээдүүд зохион байгуулалттайгаар худал мэдээлэл гарган, гүтгэн гүжирдэх явдал хэрээс хэтэрлээ.
Мөнгөний боол болсон увайгүй нөхдийн захиалгаар сэтгүүл зүйн нэр барьсан ичгүүр сонжуургүй хэсэг этгээд намайг Сонгинохайрхан зорчигч үйлчилгээний төвийг албаны эрх мэдэл, давуу байдлаа ашиглан нүүлгэн шилжүүлсэн мэтээр улангасан гүжирдэж буй нь ор үндэслэлгүй болохыг мэдэгдье.
Миний хувьд АТҮТ хуулиар тогтоосон чиг үүргийнхээ хүрээнд бие дааж гаргасан шийдвэрт ямарваа нэг байдлаар хөндлөнгөөс нөлөөлж оролцсон, элдэв гэрээ байгуулсан, хувийн ашиг сонирхолд хөтлөгдсөн зүйл байхгүй тул уг асуудлаар АТГ-т хандаж шалгуулах болсноо мэдэгдэж байна.
Мөн зориуд зохион байгуулалттай, захиалгатай гүтгэлгийн чанартай мэдээлэл тарааж буй этгээдүүдийг хууль хяналтын байгууллагад өгч шалгуулан нэр төрөө сэргээлгэх болно" хэмээгээд АТГ-д гаргасан өргөдлөө хавсаргажээ.
Сэтгэгдэл (5)