Хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах 88 дахь удаагийн ( эмэгтэйчүүдийн 31 дэх удаагийн) тэмцээн өнөөдөр буюу есдүгээр сарын дөрвөнд Саудын Арабын Эр Рияд хотноо эхэлнэ. Есдүгээр сарын 17 хүртэл үргэлжлэх энэ удаагийн тэмцээнд 117 орны 719 тамирчин оролцоно.
Монголоос ДАШТ-д Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаярын удирдлага доор 10 туйванч ( 3 эр, 7 эм) оролцох юм.
Тодруулбал, эрэгтэйчүүдийн 55 кг-д Ө.Чагнаадорж, 61 кг-д У.Амарбаяр, +109 кг-ийн жинд М.Бахберген нар хүч сорино. Харин эмэгтэйчүүдийн 45 кг-д Б.Тунгалаг, 59 кг-д Э.Энхтамир, Б.Хонгорзул, 64 кг-д О.Төгс-Эрдэнэ, Г.Ануужин, 71 кг-д Г.Энэрэл, 81 кг-д М. Анхцэцэг нар оролцох аж.