Боловсролын сайд Л.Энх-Амгалан "Багш нар зургаан төрлийн нэмэгдэл аваад 2,5 сая төгрөгийн цалин авдаг болсон" хэмээн яриандаа дурдсан билээ. Энэ нь багш нарын гайхшралыг төрүүлж байна. Тэд цахим орчинд өөрсдийн байр суурийг илэрхийлсээр буй.
Харин Боловсролын сайд бол "Багш нарын цалинг 30 хувиар нэмэгдүүлсэн байхад дахиад нэмүүлье гэж шаардах нь зохисгүй, өнөөдөр зарим багш 2 саяас дээш цалин авч байна" хэмээх байр сууриа хэвлэлд "2,5 сая төгрөгийн сураг дуулгах"-аасаа ч өмнө илэрхийлчихсэн байлаа.
Багш нарын цалинг үүнээс илүүгээр хэрхэн нэмэхээ БШУЯ-ны сайд ч мэдэхгүй. Олон олон шинэчлэлийн мөрөөдөл дундаа багш нарын цалинг бодитой хэлж чадсангүй юу, зарим багш нар худлаа хэлээд байна уу. Олон жил боловсролын салбарт ажиллаж буй багшийн ч гайхаш барагджээ.
Байр суурь "НЭГ".
Багш Д.У: "Эрхэм сайд Энх-Амгалан Лувсанцэрэн, таны мэдэгдэл өнөөдөр Монголын ард түмнийг талцуулж орхилоо. Та эндүүрсэн үү, эсвэл бид цалингаа дутуу авдаг байсан уу?
Долдугаар сарын 1-ээс эхлэн нэмэгдсэн багш нарын цалин 1.273.000 төгрөг болсон. Үнэн биз. Багш нарыг та 6 төрлийн нэмэгдэл авдаг гэсэн. За, тэр нэмэгдлийг тань багш болгон авдаггүй шүү дээ. Би тэргүүлэх зэрэгтэй, гүйцэтгэлд суурилсан үнэлгээг 50% тултал нь авдаг багшийн сарын дунджийг танд бодож харуулъя.
Гэхдээ багш бүр эдгээр нэмэгдлийг авахгүй гэдгийг та мэдэж байгаа. Эдгээр нэмэгдлийг залуу багш нар бүр ч авахгүй.
За нэмэгдлүүдийн хувь, ба тухайн нэмэгдэлд оногдох мөнгөн дүн:
1 Тэргүүлэх 15%- 190.950
2.ТАХ 25%- 318.250
3.Анги даалт 10%- 127.300
4.ОНН 8%- 101.840
5.ЗАН 5%- 63.650
6.Кабинет 5%- 63.650
7.ГСү 50%- 637.500
НИЙТ 118%- 2.647.840
Үүнээс татвар суутгана шүү дээ.
НДШ- -330.981
ХхОАТ- -231.686
Татварын
хөнгөлөлт - +120.000
Гарт авах: 2.097.182 төг
Сайд,аа энэ нэмэгдлүүдийг багш болгон авдаг билүү. Гүйцэтгэлд суурилсан үнэлгээг багш бүр 50% авахгүй. Би бүх нэмэгдлийг авдаг, тэргүүлэх багшийн жишгээр бодоход яагаад ч 2.5 сая төгрөг багш нар авахгүй л байгаа юм даа. Ийм л байна. Тэгэхээр та тайлбар хийж Монголынхоо нийт ЕБС-ийн багш нараасаа уучлалт гуйх нь зөв байх" хэмээв.
Байр суурь "ХОЁР".
Багш С.Д: "Сайд аа. Та бид хоёрын хэн нь худлаа яриад байна? Хөтлөлцөөд нэг тийш нь явах уу. Шийдээд өгөх газар олдоно байгаа. Багахан шиг Монголын багш нараар тохуурхаарай сайд гуай. Тэнгэрийн юм яриад байж байдаг. Наймдугаар сарын цалин 235 мянган төгрөг орсон. Хөөе, цалингийн зээлээ ч чүй май төлж байна. Хөрсөн дээрээ ажилла гэж зөндөө хэлээд байгаа шүү.
Хэрэв ийм мөнгө өгөөд байгаа бол тал мөнгийг минь хэн цавчаад байна. Хариулт өг багш нарт" хэмээн нийтэлжээ.
М.Жаргал
Сэтгэгдэл (5)