“Хийморь” Морьт харвааны олон улсын нээлттэй наадам болон Олон улсын Морьт харвааны холбооны /IHAA/ Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Чингисийн хүрээнд болж байна.
Тус наадам энэ сарын 01-10-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байгаа бөгөөд Хятад, Өмнөд Солонгос, АНУ, Франц, Австрали, Канад, Герман, Унгар зэрэг дэлхийн 24 орны 80 гаруй тамирчин оролцож байна. Тамирчид Скермиш буюу Түрэг харваа, Тавер буюу Унгар харваа, Польш харваа, Рэйд буюу Ази харваа, Монгол бөмбөг намнаа зэрэг таван төрөлд хурд хүч, цэц мэргэнээ сорьж байна.
Уг наадмыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Соёлын яам, Монголын Морьт Харваачдын Холбоотой хамтран аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн бий болгох, тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, үндэсний ёс зан заншил, өв уламжлалаар дамжуулан гадаад, дотоодын жуулчдад Улаанбаатар хотыг сурталчлах зорилгоор зохион байгуулж байна.
“Хийморь” олон улсын морьт харвааны тэмцээнийг 2019 оноос эхлэн зохион байгуулж ирсэн бөгөөд энэ жил Монгол улс анх удаа Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг хүлээн авч байна. Мөн Монгол бөмбөг намнаа төрөл нь энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд албан ёсны төрөл болон шинээр нэмэгдэж байгаагаараа онцлог аж.