Гэгээн ширээт улсын тэргүүн, Пап Францисын айлчлал гурав дахь өдрөө үргэжилж байна. Шашин хоорондын уулзалтын үеэр түүний хэлсэн үгээс онцлон хүргэж байна.
"Өөр өөрийн шашин шүтлэгийн төлөөллүүд бид эв эеийг эрхэмлэн хамтдаа байгаа нь хүн төрөлхтний эвлэрэл, хөгжилд хувь нэмэр оруулж буй явдал юм.
Эрхэм ахан дүүс ээ. Бидний үүрэг хариуцлага, түүхийн энэ цаг үед ялангуяа өнөөдөр чухал байна. Ялангуяа тунхаглаж буй сургаалаа бид амьдралаараа батлах ёстой. Бид бодит амьдрал дээр сургаал номлолоо үгүйсгэж болохгүй. Тэгвээс бид дуулиан шуугианы эх үүсвэр болно.
Тиймээс сүсэг бишрэлийг хүчирхийлэлтэй, ариун нандин байдлыг бусдад санаа бодлоо тулгах үйлдэлтэй, шашны зөв зам мөрийг шашны ямарваа нэгэн урсгалтай андуурч бас өөр хооронд нь хольж хутгаж болохгүй.
Өнгөрсөнд тохиолдсон зовлон зүдгүүрийн дурсамж, ялангуяа буддын шашны тухай би бодож байна.
Тийм ээ, ийм дурсамж харанхуй шархыг гэрлийн эх үүсвэр болгох, хүчирхийлэл мунхаглалыг амьдралын мэргэн ухаан болгох, сүйрүүлэгч мууг бүтээгч сайн болгон хувиргах хүчийг өгөх болтугай.
Монгол улс лугаа адил ардчиллын үнэ цэнийг дээдэлдэг, олон ургальч үзэлтэй нийгэмд эрх баригчдаас албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн шашны байгууллага бүр бусдын ухамсрыг хүндэтгэн бүх нийтийн сайн сайхын төлөө зүтгэхдээ өөрийн мөн чанарыг, өөрийн сүсэг бишрэлийг бэлэглэх эрхтэй бас үүрэгтэй билээ.
Энэ утгаараа католик шашин нь шашин шүтлэг хоорондын бас христын нийт чуулган хоорондын олон соёлын яриа хэлэлцээнд тууштай итгэж, энэ замаар алхахыг хүсэж буйгаа баталж байна..." гэв.
М.Жаргал