Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис Монгол Улсад айлчилж буй. Өнөөдөр Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис болон Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нар олон нийтэд хандаж үг хэллээ.
Ийнхүү уншигч та бүхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хэлсэн үгийг тоймлон хүргэж байна.
Тэрбээр "Энэхүү түүхэн айлчлал нь Чингис хааны мэндэлсний 860 жил, Монгол Улс, Гэгээн Ширээт Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 30 жилийн ойн хүрээнд болж байгаагаараа ач холбогдолтой юм. Монгол Улс болон Гэгээн Ширээт Улсын харилцаа эзэн Чингис хааны байгуулсан Их Монгол Улсын үеэс эхэлсэн түүхтэй.
Монгол Улс, Гэгээн ширээт улсын "түүхэн харилцаа"
Одоогоос найман зууны тэртээ, 1246 онд Пап IV Иннокентийн элч төлөөлөгч санваартан Плано Карпини Их Монгол Улсын нийслэл Хархорум хотноо хүрэлцэн ирж, Чингис хааны ач Гүюг хаанд бараалхан Папын захидлыг өргөн барьснаар манай хоёр орны түүхэн харилцааны үндэс суурийг тавьсан билээ. Санваартан Плано Карпини Их Монгол Улсын хаанд анх удаа бараалхан албан ёсны харилцаа тогтоосон Европын анхны элч төлөөлөгч байсан гэдгийг онцлон дурдах нь зүйтэй.
Энэ үед Гүюг хааныг хаан ширээнд залах ёслол тохиосноор Папын элч төлөөлөгч Плано Карпини хүндэт зочноор уригдан оролцсон байдаг.
Тэрээр өөрийн аяллын тэмдэглэлд тулгуурлан “Монголчуудын түүх” хэмээх бүтээл туурвиж, дэлхий нийтийн хүртээл болгосон нь монголчуудын түүх, соёлыг өрнө дахинд таниулан мэдүүлсэн түүхэн бүтээл болсон төдийгүй Дундад зууны үеийн Монгол болон Евроазийг судлан шинжлэхэд одоо ч гэсэн чухал үүрэг гүйцэтгэсээр байна. Энэхүү түүхэн үйл явдлаас хойш яг 777 жилийн дараа Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис Их Монгол Улсын гал голомт, Монгол Улсад айлчилж байгаа нь цаг тооны хувьд ч онцлогтой сайхан үйл явдал болж байна.
Монголын ард түмэн "бид"
Монголчууд бидний өвөг дээдэс Их эзэн Чингис хаан болон түүний залгамжлагчид монгол туургатныг нэгтгэн, Монголын эзэнт гүрнийг байгуулж, өрнө, дорнодод олон зуун жил үргэлжилсэн дайн тулаан, зөрчил мөргөлдөөнийг эцэслэн, “Монголын их амар амгалан”-г тогтоосноор, Ази, Европын олон үндэстэн, ард түмэн энх тайвнаар зэрэгцэн оршиж, амар амгалан амьдарч, судлан шинжлэх, бүтээн туурвих, цогцлоон байгуулах нөхцөл боломжийг бүрдүүлж чадсан юм.
Үүний үр дүнд даян дэлхийн олон ард түмэн өөрсдийн үнэт зүйлсээ харилцан хүлээн зөвшөөрч, олон соёл иргэншил зэрэгцэн оршиж, өртөө шуудан, зам тээвэр, дипломат харилцаа, худалдаа эдийн засаг, шинжлэх ухаан, урлаг, соёлын олон салбар цэцэглэн хөгжиж, шашны эрх чөлөөний тухай үзэл санаа, хууль дээдлэх зарчим төлөвшин тогтсон зэрэг нь монголчуудын дэлхийн түүхэнд оруулсан чухал хувь нэмэр, хүн төрөлхтөнд өвлүүлсэн үнэт өв болохыг дэлхийн эрдэмтэн судлаачид, олон улсын байгууллагууд онцлон тэмдэглэдэг.
Монгол Улс олон талт яриа хэлэлцээг чухалчилж, олон улс, бүс нутгийн аюулгүй байдалд тулгарсан сорилт, бэрхшээлийг шийдвэрлэх олон улсын хамтын нийгэмлэгийн хүчин чармайлтад энхийн замаар хувь нэмрээ оруулахын төлөө идэвх санаачилга гарган, мөнхийн хоёр хөрш болон гуравдагч хөршүүдтэйгээ идэвхтэй хамтран ажиллаж байна.
Монгол Улс өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Энхийг сахиулах 15 удаагийн ажиллагаанд 20 гаруй мянган энхийг сахиулагчдаа оролцуулж, дэлхий дахинаа энх тайван, аюулгүй байдлыг хангах ариун үйл хэрэгт хувь нэмрээ оруулж байгаа бөгөөд олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээ тив, дэлхийн халуун цэгүүдэд нэр төртэй биелүүлж байна.
Эрхэм хүндэт Пап Францис-д хандан:
Таны дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн талаар болон дэлхийн хүн амын хүнсний хомсдол, хүнсний хангамж, аюулгүй байдлын талаар хэлсэн үг, байр суурь, баримталж буй бодлого манай улсад хэрэгжүүлж буй “Тэрбум мод”, “Хүнсний хувьсгал”, “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөнтэй бүрнээ нийцэж байгаа бөгөөд цаашид хүн төрөлхтний хувь заяа, тогтвортой хөгжлийн үндэс суурь болсон байгаль орчин, хүнсний хангамж, аюулгүй байдлын чиглэлээр Гэгээн Ширээт Улстай бүх талаар хамтран ажиллах болно.
Мөн түүх, архив, сан хөмрөг болон соёл, боловсрол, шинжлэх ухаан, хүмүүнлэгийн чиглэлээр хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн хөгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна.
Таны Монгол Улсад хийж буй энэхүү төрийн айлчлал нь манай улсын олон тулгуурт энхийг эрхэмлэсэн гадаад бодлого, хоёр орны харилцааны түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээж, манай хоёр орны цаашдын найрсаг харилцаа, хамтын ажиллагаанд түүхэн чухал үүрэг гүйцэтгэн, алтан үсгээр бичигдэн үлдэх болно.
Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн, эрхэм хүндэт Пап Францис Танд болон даян дэлхийн улс түмэнд Монголын ард түмнийхээ нэрийн өмнөөс эрүүл энх, аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе" гэлээ.
Д.Батчулуун