Унгар улсын Дебрецен хотод сагсан бөмбөгийн 3х3-ын 18 хүртэл насныхны дэлхийн цомын тэмцээн наймдугаар сарын 30-наас есдүгээр сарын 3-ны өдрүүдэд болно. Энэ тэмцээнд охид, хөвгүүдийн тус бүр 20 баг өрсөлдөнө.
Монголын охид, хөвгүүдийн баг тус тэмцээнд оролцохоор Унгарыг зорьсон бөгөөд охидын баг D хэсэгт Тайланд, Польш, Малайз, БНХАУ, Тайванийн багтай тоглоно. Тэдний эхний учраа Малайз байх юм.
Харин хөвгүүдийн баг А хэсэгт Герман, Катар, Тунис, Конго улсын багтай багтсан бөгөөд хамгийн түрүүнд Катарын сагсчидтай тоглох хуваарьтай байна.
Тэмцээний хөвгүүдийн чансааг Герман тэргүүлж байгаа бол манай улсын баг 17 дугаар байрт эрэмбэлэгдэж байна. Охидоос Египтийн шигшээ баг тэргүүлж байгаа бол манай улсын баг 11 дүгээр байрт эрэмбэтэй байна.
Монголын охид энэ бүрэлдэхүүнээрээ Азийн цомд дөрөвдүгээр байрт орсон бол хөвгүүд энэ бүрэлдэхүүнээрээ “Улаанбаатар-2023” Зүүн Азийн наадамд түрүүлж байв.
Монголын охидын багт:
Б.Болор-Эрдэнэ
Н.Нандинхүсэл
Г.Энхжин
Б.Номин
Монголын хөвгүүдийн багт:
Э.Ирмүүн
Х.Оргил
Т.Тэмүүлэн
А.Азбаяр