Дараа жилийн өдийд Францын нийслэл Парис хотод зуны олимп болон паралимпын наадмын өрсөлдөөн өндөрлөж, манай улсын шилдэг тамирчид хүн төрөлхтний өмнө дүнгээ тавиулах юм. Монголоос одоогийн байдлаар нэг тамирчин энэ олимпын эрхийг авсан нь буудлагын О.Есүгэн. Шигшээ багийн бусад тамирчдын тухайд бол олимпын өмнөх жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдээс одоогоор дөрвөн мөнгө, таван хүрэл медаль авлаа.
Үндэсний шигшээ багийн 25 спортын төрөлд дасгалжуулагч, тамирчин нийт 249 хүн бэлтгэгдэж буйгаас жүдо бөхөөс хоёр, боксоос дөрөв, буудлагаас хоёр тамирчин ДАШТ-ээс медаль хүртсэн байна.
Нэмж медаль авах боломж бий. Тухайлбал, Саудын Арабын нийслэлд хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 2-17-нд болох бөгөөд Дэлхийн аварга, гавьяат тамирчин М.Анхцэцэг тэргүүтэй туйванчид бэлтгэлээ базааж байна.
Дараа нь Сербийн нийслэл Белград хотод чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 16-24-нд болох ба энэ тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох тамирчдын сорил болсон юм.
Сорилоос дэлхийн аварга, гавьяат тамирчин П.Орхон тэргүүтэй тамирчид шалгаран мөн бэлтгэлээ хангаж байгаа. Эдгээр хоёр тэмцээн их чухал. Олимпын эрх авах, олимпын эрхийн оноо цуглаалах боломжтой. Түүнчлэн есдүгээр сард дөрвөн жил тутамд болдог Азийн зуны спортын “Ханжоу-2022” наадам болно. 19 дэх удаагийн тус наадамд 38 спортын төрөлд болох билээ.
Шигшээ багийн тамирчид 2023 оны олимпын төрлийн ДАШТ-ээс медаль авсан байдал
Бокс: Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Л.Алтанцэцэг мөнгө, 54 кг-д М.Энхжаргал хүрэл
Эрэгтэйчүүдийн 63.5 кг-д Б.Чинзориг мөнгө, 67 кг-д Б.Мишээлт хүрэл медаль
Буудлага: Эмэгтэйчүүдийн гар бууны 50 метрийн дасгалд Т.Баярцэцэг мөнгө, 25 метрийн дасгалд Э.Хишигдэлгэр хүрэл медаль
Жүдо: Эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Л.Энхрийлэн хүрэл
Эрэгтэйчүүдийн 66 кг-д Ё.Басхүү хүрэл
Пара пауэрлифтинг: 107 кг-ын жинд Э.Содномпилжээ 247 кг-ыг шахаж мөнгөн медаль хүртжээ.
А.Болд