Тун удахгүй хичээлийн шинэ жил эхэлж, сургууль цэцэрлэгүүд үүд хаалгаа дэлгэх чухал үе болох гэж байна. Есдүгээр сарын нэгнийг тохиолдуулан бид та бүхэнд Монголын боловсролын байгууллагууд хэрхэн үүсэж хөгжсөн талаар түүхэн баримтат цуврал мэдээг хүргэхийг зорьж буй. Тэгвэл энэ удаа Монгол Улсад анхны бүрэн дунд сургууль хэрхэн үүсэж, хөгжсөн талаар бэлтгэлээ.
Ардын хувьсгал Монголд ялсны дараа 1921 оны наймдугаар сарын 14-ний өдөр ардын засгийн газрын хуралдаанаар сургуулийн танхим байгуулах шийдвэр гарч байжээ. Улмаар тухайн оны арваннэгдүгээр сарын 2-ны өдөр анхны сургуулийн танхимыг байгуулж байсан түүхтэй.
Анх Улаанбаатар хотын гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт одоогийн гуравдугаар сургуулийг нээж байсан нь Монгол Улсын хэмжээнд анхлан баян, ядуу, харц ард, эрэгтэй, эмэгтэй гэж ялгаварлан сургаж байсан хуучин тогтолцоог халж, шинэ үеийн боловсролын цоо шинэ тогтолцооны үүдийг нээсэн юм.
Хүйсээр үл ялгаварлан боловсрол олгож эхэлсэн нь Монголдоо төдийгүй, Ази тивдээ анхны сургууль болж түүхэнд тэмдэглэгдсэн.
Шинэ Монгол Улсын Засгийн газар 1921 оны наймдугаар сарын 25-нд дунд сургуулийн танхимын дүрэм, хэмжээг тогтоож өгсөн байдаг. Энэхүү Монгол Ардын Засгийн газраас тогтоосон сургуулийн дүрэм хэмжээний:
- 1-р зүйлд: Бага сургуулийн танхим төгссөн 10-16 насны хөвгүүдийг дунд зэргийн сургуульд сургах,
- 4-р зүйлд: Анх сургуулийн хөвгүүдийн тоог 40-өөс дээш 80-аас доош сонгон жил бүр 20 хөвгүүдийг нэмж байх,
- 5-р зүйлд: Цөм нэгэн өнгийн тэмдэгт хувцас өмсөх,
- 8-р зүйлд: Үзэх хичээлийг: Монгол манж үсгийн бичиг, орос, хятад, ба Ин, Фа-гийн зэрэг гадаад улсын аж төрөх ёс ба түүх, дүрс бодис шинжлэх, хэмжих зурах, эд боловсруулах, биеийн судал, тамирыг сайжруулан боловсруулах,
- 10-р зүйлд: Хөвгүүдийг сурган боловсруулах хугацааг таван жил болгон тогтооно хэмээжээ.
Уг тогтоол батлагдсанаас хойш хоёр жилийн дараа буюу 1923 оны хоёрдугаар сарын 16-нд ийнхүү хүрээний анхны дунд сургуулийн тулгын чулууг тавьсан аж. Улмаар энэхүү тогтоол 1924 оны Үндсэн хуулинд тусгалаа олж, 1926 онд "БНМАУ-ын дунд сургуулийн дүрэм хэмжээ"-г шинэчлэн батлан гаргажээ. Энэхүү тогтоолд зөвхөн дүрмийг тусгасан ч сургууль байгуулагдсан үеэс дээр өгүүлсэнчлэн хүйсээр ялгаварлалгүй, охидыг ч мөн сургаж эхэлсэн.
Анх хоёр бүлэг, 40 сурагч, дөрвөн багштайгаар байгуулагдсан анхны дунд сургуульд монгол хэл бичиг, орос, англи, франц, герман, хятад хэл болон тооны ухаан, бодисын зүй, одон орныг судлахуйн ухаан, түүх, биеийн хөгжил, дуу хөгжим, утга зохиол зэрэг шинжлэх ухааны хичээлүүдийг тодорхой хуваарь, сонголттойгоор заадаг байжээ.
Уг сургуулийн анхны төгсөгчид нь 57 хүүхэд байснаас 1926 онд Франц, Герман, Орос улсад боловсрол эзэмшихээр 30 хүүхэд явжээ. Тэд Монголын анхны өндөр боловсролтой сэхээтнүүд болсон билээ.
1929 он хүртэл зөвхөн Нэгдүгээр дунд сургууль байсан бол тус сургуулийг байгуулагдсанаас 10 жилийн хугацаанд хот, хөдөөд ерөнхий боловсролын сургуулиуд байгуулагдаж, материаллаг баазын суурь тавигдаж, анхны сурах бичиг, хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулагдаж эхэлснээс гадна мэргэжлийн баш нарыг бэлтгэж эхэлжээ.
1930-аад оноос манай улсад үйлдвэр, уул уурхай байгуулагдаж түүнтэй холбогдон бүрэн дунд боловсролтой хүмүүсийг бэлтгэж, дээд сургуульд суралцуулах нийгмийн шаардлага бий болсноос үүдэн 1928 онд тус сургуулийг Засгийн газрын шийдвэрээр Ерөнхий болосролын бүрэн дунд сургууль болгон өргөтгөж 10 жилийн сургалтын хөтөлбөр төлөвлөгөөг шинэчлэн мөрдөж эхэлжээ. Мөн энэ үеэс багш нарыг давтан бэлтгэж бүрэн дунд боловсролыг олгож эхэлсэн байна. Тун удалгүй 1940 онд Маршал Х.Чойбалсангийн санаачлагаар хичээлийн дөрвөн давхар барилга бариулж, ашиглалтад орсон бөгөөд тус ондоо Улсын Бага Хурлын тэргүүлэгчдийн тогтоолоор тус сургуулийг “Маршал Х.Чойбалсангийн нэрэмжит” болгосон байна.
Ийнхүү 1941 онд Монгол Улсын ЕБС-ийн анхны 10-р анги төгсжээ. Үүнийг дээд боловсролтой боловсон хүчнийг дотоод, гадаадад бэлтгэх бүрэн дунд боловсролын бэлтгэлийг хангасан түүхэн үе гэж үздэг.
1963 оноос тухайн үеийн Гэгээрлийн Яамны шийдвэрээр өөрийн орны ЕБС-ийн сургалтын агуулга, арга зүй, сурах бичиг туршин хэрэгжүүлэх үүрэг бүхий Сурган Хүмүүжүүлэх Ухааны Хүрээлэн (хуучин нэрээр)-гийн лаборатори сургууль болж, 1990-ээд оныг хүртэл сургууль, боловсролын хөгжилд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн юм. Түүнчлэн 1965 онд Математикийн гүнзгийрүүлсэн сургалттай ангийг анх нээн хичээллүүлсэн бөгөөд энэ талаар ихээхэн амжилт олж, арвин туршлага хуримтлуулсан байна.
Ийнхүү Монгол Улсад боловсролын тогтолцоог нийгэм цаг үетэйгээ нийцүүлэн хөгжүүлж, хүн бүрд тэгш байдлаар, үнэ төлбөргүй бүрэн дунд боловсрол эзэмшүүлэх үндэс тавигдаж, дэлхийн боловсролтой хөл нийлүүлэн алхах эхлэл тавигдаад 100 жил болжээ.
Б.Хишиг
Энэхүү зургийг нэгдүгээр сургуулийн цахим хуудсаас авч ашиглав
Сэтгэгдэл (1)