Мэргэжлийн сүмо бөхийн Аки башё ирэх сарын 10-25-ны өдрүүдэд болох бөгөөд намрын тэмцээний банцүкэ өчигдөр гарлаа. Энэ башёг тэргүүлэн барилдах ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ ес дэх цомоо авахын төлөө дайралт хийх нь ойлгомжтой. Тэр өнгөрсөн башёгийн дунд үеэс өрсөлдөөнөөс гарахдаа өнөөх өвдөгний бэртэлээс болсон гэсэн.
Аки башёд нэг түрүүлж байсан ба 2021 онд ёкозүна цолтой анхны түрүүгээ авч байв. Тэгвэл энэ тэмцээнээс эхлэн монголчууд хоёр залуу озекигоо зэрэгцүүлэн харах нь. Хошёорюү С.Бямбасүрэн өнгөрсөн сард анхны түрүүгээ авсан бол Киришима Б.Лхагвасүрэн цолоо хамгаалан барилдах өндөр даваанд тулж ирлээ. Тамаваши Б.Мөнх-Оргил маэгаширагийн 3, Хокүсэйхо Э.Даваанинж (М11), Чиёошома Г.Мөнхсайхан (М15), Дайшохо Д.Шижирбаяр (М17) нар дээд зиндаанд хүч үзэн барилдана.