Хөнгөн атлетикийн Дэлхийн аварга шалгаруулах 19 дэх удаагийн тэмцээн 2023 оны наймдугаар сарын 19-27-нд Унгар Улсын нийслэл Будапешт хотноо боллоо. "Спортын хатан хаан" хэмээгддэг хөнгөн атлетикийн энэхүү тэмцээнд улсаа төлөөлөн марафонч Ж.Олонбаяр, Б.Сэр-Од, Ц.Бямбажав, Г.Хишигсайхан нар оролцсон юм.
Монгол Улсын гавьяат тамирчин, Ази тивийн аваргын алт, мөнгөн медальт, Олимпын наадамд таван удаа оролцсон Бат-Очирын Сэр-Од өчигдөр болсон уралдаандаа тэргүүлж явсан ч шөрмөс нь гэмтэж байр ухарчээ.
Гэсэн ч тэрбээр Гиннесийн дээд амжилтыг эвдэж, шинэ рекордыг тогтоож чадсан. Учир нь хөнгөн атлетикийн түүхэнд дэлхийн аваргад хамгийн олон удаа оролцсон тамирчдыг Испанийн Есүс Анхель Гарсиа Брагадо (13 удаа ДАШТ-д оролцсон), Португалын Жоао Вейра, Сюзанна Фейтор (11 удаа) нар тэргүүлдэг байна. Тэгвэл хөнгөний ДАШТ-д 11 удаа тасралтгүй оролцсон амжилтаар Монголын Б.Сэр-Од маань Португалын хоёртой зуузай холбох хэдий ч тэдгээр тамирчид бүгд спорт алхааных. Тэгэхээр марафон гүйлтээр Б.Сэр-Одтой дүйцэх тамирчин дэлхийд байхгүй бөгөөд тэрбээр уг амжилтаараа Гиннесийн дээд амжилтыг тогтоож байна.
Б.Сэр-Од 2002 оноос хойш ойролцоогоор 74 марафонд оролцжээ. Хэрэв Б.Сэр-Од 2024 оны Парисын олимпод оролцож чадвал зургаан олимпод оролцсон дэлхийн анхны марафонч болох юм.
Сэтгэгдэл (2)