Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх ёкозүна Хакүхо М.Даваажаргал нэг минутанд 121 удаа гарын хээ даран Гиннесийн дээд амжилт тогтоолоо. Тэрбээр өмнө нь тус номд таван удаа бичигдэж байсан юм.
Тухайлбал, дээд зиндаанд хамгийн олон буюу 45 түрүүлсэн, хамгийн олон давсан (1093), Хамгийн удаа ёкозүна цолтой (84 башё) барилдсан, нийлбэр даваагаар хамгийн олон даваа авсан (1887), уналгүй хамгийн олон түрүүлсэн (16) амжилтаар гиннесийн номд бичигдэж байв. Их аварга 38 настайдаа ийнхүү гиннесийн номд зургаа дахь удаагаа бичигдэж байна. Түүний эдгээр үзүүлсэн амжилтыг өнөө ч шинэчлээгүй, хойшид шинэчлэхэд нэн бэрх болохыг сүмо судлаачид дүгнэдэг юм.
Гиннесийн номд хэрхэн бүртгүүлдэг вэ?
Гиннесийн номд хэн ч нэрээ бичүүлж болох боловч дараахь гурван шаардлагыг хангасан байх ёстой. Үүнд:
-Хэмжих боломжтой байх
-Байгаль, хүрээлэн буй орчинд сөрөг нөлөөгүй байх
-Хожим хэн нэгэн эвдэх боломжтой байх
Таны сонгосон үзүүлбэр, ур чадвар дээрх шалгууртай зөрчилдөхгүй байвал мэдүүлгээ өгч болно. Биеэр очих албагүй. Гиннесийн албан ёсны цахим хуудас guinnessworldrecords.com-д хандахад л болно.