Азербайжаны нийслэл Баку хотод буудлага спортын насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ид дундаа орж байна. 54 дэх удаагийн тэмцээний гар бууны ганцаарчилсан төрөлд Монголын хоёр тамирчин медалийн тавцанд гарч, гар багийн төрөлд хүрэл медаль хүртлээ.
Дэлгэрүүлбэл, Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, гавьяат дасгалжуулагч Л.Ундралбатын удирдлага дор эмэгтэйчүүдийн сонгомол гар бууны 50 метрийн дасгалд Т.Баярцэцэг мөнгө, 25 метрийн том гар бууны төрөлд Э.Хишигдэлгэр хүрэл медаль хүртэв.
Тэд өнгөрсөн жилийн тус тэмцээний амжилтаа давтсан нь энэ. Мөн Монголын эмэгтэй гар буучид сонгомол гар бууны багийн төрөлд хүрэл медаль хүртсэн бөгөөд багийн бүрэлдэхүүнд Т.Баярцэцэг, Э.Хишигдэлгэр, Ц.Анударь нар багтжээ. Энэ дасгалд Энэтхэгийн буучид түрүүлж, БНХАУ-ын баг мөнгөн медаль хүртжээ. Тэмцээнд 101 орны 1249 тамирчин гар буу, урт буу, таваг буудлага, хөдөлгөөнт бай гэсэн төрөлд өрсөлдсөн бол манай улсаас гавьяат дасгалжуулагч Л.Ундралбат, Ж.Ганхуяг, Б.Сугар, Д.Лхадорж нарын удирдлага дор 15 тамирчин цэц мэргэнээ сорьж буй юм.
А.Болд