Өнөө жилийн Үндэсний их баяр наадмаар шөвгөрсөн 16 бөхийн нэгээс допинг илэрсэн нь батлагдав. Зарим эх сурвалжууд түрүү бөх М.Бадарчаас уг зөрчил илэрсэн хэмээгээд буй. Хэрэв энэ мэдээлэл үнэн бол аймгийн арслан Б.Баянмөнх улсын начин болж, Улсын начин Э.Даш харцага, Улсын шинэ харцага С.Сүхбат заан, шинэ гарди Ц.Бямба-Отгон арслан цолтой болно.
Мөн энэ наадамд их шөвөгт шалгарсан О.Хангай чимэг нэмж, С.Мөнхбат аваргын өмнө эрэмбэлэгдэх тухай бид мэдээлсэн.
Хэрэв М.Бадарчаас допинг илэрвэл Улсын шинэ гарди Ц.Бямба-Отгон арслан цолтой болж, өнгөрсөн жилийн үзүүр бөх Улсын арслан Б.Орхонбаярын дор эрэмбэлэгдэнэ. Түүний дор Улсын баяр наадамд нэг удаа ес, дөрвөн удаа тав давсан Улсын арслан Д.Азжаргал, нэг удаа ес, хоёр удаа тав давсан Улсын арслан Р.Пүрэвдагва нар бичигдэнэ.
Улсын гарди Ц.Бямба-Отгон өнгөрсөн жилийн Улсын баяр наадмаар Аймгийн заан цолноос зургаа давж, Улсын харцага цолыг шууд хүртсэн. Харин Улсын арслан Б.Орхонбаяр нэг удаа зургаа, хоёр удаа тав давсан тул түүний дээр эрэмбэлэгдэх юм.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (3)