Азербайжаны нийслэл Баку хотод буудлага спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Тэмцээний эмэгтэйчүүдийн 50 метрийн урт бууны гурван байрлалаас буудах дасгалд О.Есүгэн 11 дүгээр байрт орснооор “Парис-2024” зуны олимпын наадамд оролцох Монголын багийн анхны эрхийг авчирлаа. Түүний олимпын эрх авсаны дараах анхны сэтгэгдлийг хүргэж байна.
-Монголын тамирчдаас “Парис-2024” олимпын наадмын эрхийг авсан танд баяр хүргэе?
-Баярлалаа. Олимпын эрх авсан сэтгэгдэл өндөр байна. Баг хамт олноороо баярлан угтан авцгаалаа.
-Олимпын эрхийн төлөөх хариуцлагатай буудлага хийх үедээ сандарсан уу?
-Үгүй ээ. Харин ч үзэлцээд гарна гэсэн сэтгэл зүйтэй гарсан болохоор сүүлийн сум хүртэл хичээлээ. Уг нь шигшээд шалгарна гэсэн итгэлтэй буудсан боловч нэг сумаа салхины хурдыг буруу тооцоолсоноос болж 8 дээр буудаад алдлаа.
-Хэзээнээс спортоор хичээллэж эхэлсэн бэ?
-Дөнгөж 10-тайдаа биатлоны спортод хөл тавьсан. Гэхдээ хурд, хүчний тал дээр сул байсан болохоор буудлагаар түлхүү хичээллэе гээд Энхжаргал багшид шавь орлоо. Хоёр сар орчим бэлтгэл сургуулилт хийгээд буудлагын тэмцээнд оролцохдоо нэгдүгээр зэрэгтэй болдог юм. Энэ үедээ бол биатлоноо орхиогүй, буудлага болон биатлоны бэлтгэлийг хамт хийж байсан. Өдөр нь буудлага, орой нь цанын бэлтгэлээ хийсээр байж гэртээ 21 цаг өнгөрөөж орно.
-Таныг биатлоноор хичээллэж байсан гэж сонсоогүй юм байна. Тэгээд биатлоноор медаль авсан уу?
-2014 оны улсын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль авсан, дэд мастер цолтой.
-Яагаад биатлоноо орхисон юм бэ?
-Буудлага спортод амжилт гаргана, илүү авьяастай болохоо мэдэрсэн. Ер нь аав маань намайг буудлага руу хөтөлж оруулсан юм. Өөрөө цанын спортынх.
-Аав тань аль нутгийн хүн бэ?
-Увс аймгийн Зүүнхангай сумынх, харин би Улаанбаатарт төрсөн.
-Эндээс явах хүртэлээ бэлтгэлээ сайн хангаж чадсан уу?
-Манай багийнхан байгаа бололцоондоо тааруулан бэлтгэлээ хийгээд явсан. Миний хувьд бэлтгэл сургуулилтаа жигдэрүүлээд л явсан даа. Цаашдаа бэлтгэлээ улам сайн хийж, олимпод амжилтаа ахиулна аа.
-ДАШТ-ээс медаль хүртэхийг ерөөе. Цаг зав гарган ярилцсан танд баярлалаа.
-Баярлалаа.
А.Болд
Сэтгэгдэл (3)