“Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадмаас Монголын баг хоёр дахь алтан медалиа 3х3 сагсан бөмбөгийн төрлөөр хүртлээ. Манай залуучууд аваргын төлөө БНХАУ-ын багийг 18:15 харьцаагаар буулгаж авав.
Тоглолтод манай улсын баг 0:6 гэж хожигдож эхэлсэн ч төгсгөлийг чамбай хийж, ялалт байгуулсан юм.
Хоёр баг өчигдөр тааран тоглоход манайхан 21:17-гоор хожиж байсан билээ. Өнгөрсөн хавар 3х3 сагсны насанд хүрэгчдийн шигшээ Азийн аварга болсон бол энэ удаа дүү нар нь нутагтаа зохиогдсон Зүүн Азийн наадамд аваргаллаа.