Увс аймгийн Өндөрхангай сумын харьяат, “Хилчин” спорт хорооны бөх, улсын начин Д.Тогтохжаргалын цолны мялаалга наадам эхэллээ. Баярын наадмын бөхийн барилдаанд улсын харцага Н.Золбоо, Т.Баасанхүү, Ш.Пүрэвгарьд, улсын начин Д.Хүдэрбулга, Н.Хүрэлсүх, О.Түмэн, аймгийн хурц арслан Ц.Мөнхбаяр, Л.Цээсүрэн нарын хүчит 64 бөх барилдаж байна.
Улсын начин Д.Тогтохжаргал нь 2007 онд сумын заан, 2012 онд аймгийн харцага, 2016 онд аймгийн арслан цол хүртэж, өнөө жил улсын аварга С.Мөнхбатаар тав давж, улсын начин цол хүртсэн бөх юм.
Д.Тогтохжаргал нь Өндөрхангай сумаас улсын цолонд хүрсэн долоо дахь бөх бөгөөд улсын заан М.Яринпил, Ж.Ганболд, улсын начин П.Цэдэнбалжир, В.Малиа, Д.Даваасамбуу, С.Дангаасүрэн нар энэ нутгийнх хүчтэнгүүд. Хамгийн сүүлд 1994 онд Өндөрхангай сумаас С.Дангаасүрэн улсын начин цол хүртэж байлаа. Д.Тогтохжаргал нутагтаа 29 жилийн дараа улсын цолтон болж ирсэн нь энэ билээ.