Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо болж буй Зүүн Азийн залуучуудын анхдугаар наадмааас Монголын баг анхны алтан медалиа жүдо бөхийн төрлөөр хүртлээ. Тэмцээний эмэгтэйчүүдийн 44 кг-ын жинд зодоглосон “Мон Алтиус Цагаанбаатар” академийн бөх Тогтбаатарын Отгонжаргал Тайванийн Хуан Вен И-г нэмэлт цагт торгуулиар ялж, алтан медалийн эзэн болов. Түүний медаль гардан авсаны дараах сэтгэгдлийг хүргэе.
Т.Отгонжаргал: “Өрсөлдөгчид хүчтэй байлаа. Дасгалжуулагч бол эхэлж орж ирсэн гарыг нь дараад өөрийнхөө мэхийг хийгээрэй гэсэн. Гэхдээ түрүүлнэ гэдэгтээ итгэлтэй байсан. Дөрөвдүгээр ангид байхаасаа жүдо бөхөөр хичээллэж, аймгийн аварга шалгаруулах тэмцээнд анхлан оролцож, долдугаар ангиас хойш тогтмол оролцож байна. Наймдугаар сарын 20-нд залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор явна. Намайг дэмждэг бүх хүнд баярлалаа" гэв.