Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод Зүүн Азийн залуучуудын спортын наадам энэ сарын 16-23-ны өдрүүдэд болж байна. Манай улсад энэхүү өндөр зэрэглэлийн наадам анх удаа болж буй бөгөөд дараа дараагийн наадмуудыг эх орондоо зохион байгуулахад түлхэц өгнө гэдгийг албаны хүн хэлж байна. Энэ наадамд ҮОХ-ны 808 тамирчин, 226 дасгалжуулагч, Азийн спортын холбоодийн техникийн зөвлөл болон шүүгчдийн 123 төлөөлөгч, дотоодын 191 шүүгч, техникийн ажилтан, сайн дурынхан зэрэг 2600 гаруй төлөөлөл оролцож байна. Зүүн Азийн олимпын хорооны ерөнхийлөгч Ян Шуан хэлсэн үгэндээ "Монголын ард түмэн биднийг маш зочломтгой угтаж авлаа. Та бүхний хичээл зүтгэлээр энэ наадам амжилттай болно гэдэгт итгэлтэй байна. Зүүн Азийн олимпын хороодын нэрийн өмнөөс Монгол Улсын Засгийн газар, НЗДТГ, зохион байгуулагч нар, сайн дурынханд гүн талархал илэрхийлье. Мөн тамирчдадаа амжилт хүсье" гэсэн юм. Өчигдөр наадмын нээлтийн ёслол болсон бөгөөд 24 гэрэл зургийг сонирхуулая.