"Улаанбаатар 2023" Зүүн Азийн наадамд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо эхлэхэд нэг хоног үлдлээ. Наймдугаар сарын 16-23-ны өдрүүдэд 11 спортын 12 төрлөөр зохиогдох тус наадмыг зохион байгуулах эрхийг Тайчун хотноо 2017 онд зохион байгуулагдсан Зүүн Азийн олимпын хорооны хурлаар Монгол Улс албан ёсоор авсан юм.
Ийнхүү Улаанбаатар хотноо спортын олон төрлийн тив, дэлхийн чанартай тэмцээн уралдаан амжилттай зохион байгуулагдсан туршлагатай ч спортын олон төрөлт наадмыг анх удаа зохион байгуулж байна.
Тус наадамд оролцохоор 2400 орчим тамирчин, дасгалжуулагч, 350 гаруй шүүгч, техникийн ажилтан болон холбогдох албаныхан зэрэг нийт 4500 орчим зочид төлөөлөгч Улаанбаатар хотод хүрэлцэн ирнэ.
Зүүн Азийн залуучуудын наадам нь Олон улсын олимпын хороо, Азийн олимпын зөвлөлийн албан ёсны наадамд тооцогддог, бүс нутгийн хэмжээний томоохон наадам бөгөөд Олимпизмын үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, шинэ залуу үеийн тамирчдыг нээн илрүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой гэж үздэг.
Та бүхэнд тус наадмын лого болон бэлэгдлийн талаарх товч мэдээллийг хүргэе.
"Улаанбаатар 2023" Зүүн Азийн залуучуудын наадмын лого нь Монгол Үндэсний гэрийн тооноор дүрсэлжээ. Тооно нь унь ханыг тогтвортой холбон, нарны гэрэл гэгээг нэвтрүүлж, халуун ам бүл, айлчин гийчдийг нэгтгэж буй бэлэгдэлтэй.
Түүнчлэн, тооно, унь нь нар ба нарны цацрагийн бэлгэдэл бөгөөд Монгол Үндэсний гэрийг бөмбөрцгийн байршлаар нь зүйрлэвэл Монгол Улсын нутаг дэвсгэр нь тооно байрлах хэсэгт оршдог. Монгол гэрийг барихад олон хүн гар бие оролцдог.
Иймд "Улаанбаатар 2023" Зүүн Азийн залуучуудын наадамд оролцох баг тамирчид, зочид, төлөөлөгчид Улаанбаатар хотын дээвэр дор ХАМТДАА ЦУГЛАЖ, ХАМТДАА МӨРӨӨДӨН, ХАМТДАА БҮТЭЭХИЙГ бэлгэдэж байна.