Допингийн шинжилгээний хариуг бараг л уулс устайгаа өндөлзөн байж хүлээдэг болжээ.
Үхрийн баас шиг "цувж" буй ДОПИНГИЙН ХАРИУ
Харин нэг цаг хугацаанд явуулсан сорьцын шинжилгээний хариу "үхрийн баас шиг" уван цуван ирнэ гэж байх уу. Үндэсний их баяр наадам болоод сар гаруйн хугацаа өнгөрч байхад шинжилгээний хариу бүрэн ирээгүй гээд сууж байгаа нь тохуутай.
Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага гэх "өндөгөө дарж буй тахиа" мэт жил болгоны наадмын дараа ундуу хүргэдэг "удаан" газар бий. Үүнтэй маргах нэгэн үгүй биз. Шавар бурхан шиг сандал ширээндээ наалдсан дарга нарыг ховхлох цаг болсон.
Монгол түмэн эрийн гурван наадмаараа бөхчүүдийн үнэн хүч, уран мэхээс "гал гарсан" барилдааныг үзэхийг хүсдэг. Гэтэл өдгөө наадмын сургаар л "найраа", "допин"-гийн асуудлыг ам уралдан ярилцах болсон нь харамсалтай.
Бөх ч гэлтгүй, бүгдээрээ наадаж чадахаа больсон. Нэг талд хэрэлдэнэ, зодолдоно. Нөгөө талд уйлж унжина.
Харин өнөөдрийг хүртэл допингийн төрлийн бодис илэрсэн бөхчүүд "эм уусан", "мэдээгүй", "хор найрууллаа" зэрэг "маанагдуу" гэмээр хариултыг өгсөөр ирэв. Бөхийн спорт ч мөн адил хуулийн дор явагдах болсныг бүгд мэдэж байгаа хэр нь жил бүрийн наадмаар заавал хэн нэгэн шээсэндээ бүдэрдэг нь "дүрмийн дагуу" боллоо. Ингэж эрхээ хэдэн жилээр нь хасуулж, ид барилдах насан дээрээ "чадал тэнхээгээ хориулна" гэдэг туйлын харамсалтай. Тэгэхээр бид Монголдоо лабораторитой болох зайлшгүй шаардлага бий. Бүдэрсэн бөхөд ч, итгэсэн түмэнд ч сэтгэлд "харгүй".
Цол дагаж ирдэг алдар нэр, бай шагнал зарим бөхийг "балладаг" уу
Улсын цол авбал машин, тэдэн өрөө байр, төчнөөн сая төгрөг. Насаараа идэж уух хөрөнгөтэй болж байгаа юм биш үү. Даруулгатай байна гэдэг спортод хэчнээн чухал болохыг олон аавын хүүгийн алдаа онооноос харж болно.
Үндэсний бөхийн бай шагнал, цолонд хүрэх тэмүүлэл, түүнийг дагаж ирэх алдар нэр, эд хөрөнгө зарим бөхчүүдийг "алж" байгааг үгүйсгэх аргагүй.
М.Жаргал
Сэтгэгдэл (8)